“Хэрэв та шөнө дунд хэн нэгэнтэй мессеж бичвэл тэр нь ямар ч шалтгаангүй, зүгээр л түүнтэй яримаар санагдсан учраас тэгсэн хэрэг” гэж ордынхоо зурхайгаас уншаад инээд хүрэв. Тийм ээ, зүгээр л… Нээрээ л “юм” нь хөдөлбөл найз руугаа шөнө дунд утасдан элдэв юм чалчиж мэдэх гэмгүй, зүггүй араншин бидэнд бий. Найз нойрмоглоод үгийг минь сонсохгүй шинжтэй бол уурлаж ч зүрхлэх “зүгээргүй” бидэн шиг хүмүүст дээрх үг зориуд хаяглагдсан мэт аяглах нь цөөнгүй.   

Үнэндээ зүгээр л инээмсэглэх, зүгээр л дуулах, зүгээр л уйлах, зүгээр л уучлах, зүгээр л хайрлах, зүгээр л нэг амьдрахыг ямар олон хүн хүсдэг билээ дээ. Тэрүүхэндээ өөрийн гэсэн орон зай, эрх чөлөө ханхлуулсан энэ үг ямар их нөмөртэйг урьд нь ийн анзаардаггүй байсан юм байх даа. Эсвэл анзаарснаа мартсан байж ч болох. Түг түмэн учир шалтгаанаар орооцолдон хөглөрсөн орчлонгийн явдлаас тархи, сэтгэл, мэдрэмж залхахын үест “зүгээр л” гэсэн ганц үгээр нуувч хийн, дотроос нь амар тайвны хэлтэрхийг олдгоо мартах шахжээ. Тайлбарлах албагүй, тайлбарлахыг хүсээгүй олон олон шалтгаанаас зугтан, хүссэн зоргоороо чөлөөтэй нисэж чадах тийм бяцхан ертөнц бүгдийн дотор бий гэж бодном. Утгатай, утгагүй хар мянган “яагаад”-д өдөр тутам ээрүүлэн, дургүй хүрэхийн алдад “Би зүгээр л…” гэчихэд болоод явчихдаг гайхам тохиолдол бишгүй. Ихэнхдээ зальжин гэсэн утгаар ойлгогддог энэ үг ийм л хүчтэй.

Зүгээр л… Би-гийнхээ цор ганц ертөнцийг алдаа оноотой нь, сайхан муухайтай нь, баяр гунигтай нь өөрөө хүлээн зөвшөөрөх нүцгэн агшин. Бас тэр нүцгэн агшинд өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх боломж ч гэж хөрвүүлэн ойлгодог юм, энэ үгийг. Явж явж “Зүгээр л” гэсэн үгний цаана хүртэл шалтгаан байдаг бололтой. Гэхдээ энэ бол гоё шалтгаан.