Булган аймаг 2025 онд зочид төлөөлөгчид хүлээн авах зардалд 15 сая төгрөг төсөвлөжээ-

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хойд бүсийн чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Булган аймагт зохион байгуулах бөгөөд энэ үеэр Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тус аймагт хийхээр болжээ. “Хойд бүсийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ Булган аймагт ажиллахаар боллоо. Энэ нь аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, нийгмийн бүх салбарт үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой ажил болох юм” хэмээн Булган аймгийн ЗДТГ албан мэдээлэлдээ ихэд олзуурхан онцолжээ.

Гэвч орон нутаг өөрсдөөсөө гарах зардлаа тооцоод, аймгийн төсөв санхүүтэйгээ харьцуулаад үзвэл энэ бол тэгтлээ баярлах шийдвэр биш, “Манайх анхдагч нь боллоо” гэж бахархах үйл явдал биш гэдгийг ойлгоно.

Хотоос нэг гишүүн, сайд хүн 8-10 дагуултайгаа нэг аймагт ирээд ганц хоноод буцахад 10-аад сая төгрөгийн зардал гардаг гэдэг. Тухайн аймгийнхаа хамгийн үнэтэй, зэрэглэл өндөртэй буудалд байрлана. Буудлын хоногийн төлбөрөөс гадна хоол цай, ундаа ус, тавгийн чихэр, жимс, бэлэг сэлтээс эхлээд холгох зардал мундахгүй. Хажуугаар нь бас зөвлөх, туслах, бараа бологчид нь “Манай даргын ширээн дээр шилтэй ус л тавина шүү” гэж хөөрхий орон нутгийнхнаа баздаг гэнэ лээ. Хаанаасаа хаалгач нь гэж, төрхтэй байгаа юм шүү.  

Ингээд Засгийн газрын 23 сайд (Ерөнхий сайдтайгаа нийлээд), зарим нэг агентлагийн дарга, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл, мөн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Булган аймагт очиж ажиллах зардлыг тоймлон гаргах гээд үзье. 

23 сайд (Ерөнхий сайдын хувьд гадуур хамгаалалт, төрийн ёслолынхон нэмэгдэнэ) нэг бүрийг 2-3 зөвлөх дагалдана, дээрээс нь шадар туслах, бие төлөөлөгч нар, ар тал, жолооч болон хэвлэлийн албаны 2-3 хүн гэхчлэн 10-аад хүн ёс юм шиг бараа болж явна. Бусад агентлагийн дарга нар, УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөллийг нийлүүлэхээр лав 250 орчим хүний “десант” нийслэл хүрээнээс Булганд буух нь. Нэг удаагийн хурлын төлөө шүү. Цаана нь дахиад чилийсэн найман сар байна. Тэр хооронд хэчнээн сайд дарга нар дагуулуудтайгаа Булганд морилж очихыг таашгүй. 

Хотоос нэг гишүүн, сайд хүн 8-10 дагуултайгаа нэг аймагт ирээд ганц хоноод буцахад 10-аад сая төгрөгийн зардал гардаг гэдэг. Тухайн аймгийнхаа хамгийн үнэтэй, зэрэглэл өндөртэй буудалд байрлана. Буудлын хоногийн төлбөрөөс гадна хоол цай, ундаа ус, тавгийн чихэр, жимс, бэлэг сэлтээс эхлээд холгох зардал мундахгүй. Хажуугаар нь бас зөвлөх, туслах, бараа бологчид нь “Манай даргын ширээн дээр шилтэй ус л тавина шүү” гэж хөөрхий орон нутгийнхнаа баздаг гэнэ лээ. Хаанаасаа хаалгач нь гэж, төрхтэй байгаа юм шүү.

Шилэн данснаас харахад, Булган аймаг 2025 онд зочид төлөөлөгчид хүлээн авах зардалд 15 сая төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгө Засгийн газрын 23 сайдыг угтаж, үдэх “Дүүриймаа ажиллагаа” болон бэлэг сэлтэд хүрвэл их юм. Цаана нь Засаг даргын 2025 оны нөөц санд зориулж баталсан 900 сая төгрөг байгаа ч гэсэн 250 хүн Булганд хоёр хонох зардалд байгаа ганц нөөцийнхөө талыг нь зориулахад арай л хайран. Адаглаад гамшиг осол болбол нөөц хөрөнгөөсөө зарцуулах ёстой шүү дээ.

Тэгэхээр орон нутгийн цагдаа, онцгой, шүүх, прокурор, эмнэлэг, сургууль, татвар, даатгал зэрэг төсвийн байгууллагуудаа л дайчлан холгож таарна. Босоо удирдлагатай байна уу, шууд байна уу, хамаагүй өнөөдүүл нь “зөв харж инээж, буруу харж уйлаад” тэр их зардлын ачааллаас хуваалцахгүй гээд яалтай. Сайд, гишүүд, дарга нар ирэх тоолонд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөн, угталт-үдэлтийн хооронд ажлаа явуулдаг хойно. Энэ удаад бүр Засгийн газрын гишүүдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авах нь. Өнөөдүүл нь “Баатар ван”, “Севен нуга” зэрэг Булганы брэнд болсон амралтын газарт хуралдана гэж аархвал яана. “Севен нуга”-ын хаус нэг хоноход 1.5 сая төгрөг.          

Төр өөрөө ингэж орон нутаг дахь төсвийн байгууллагууддаа дарамт учруулдгаа болимоор байна аа. Сум, багийн Иргэдийн нийтийн хурал хүртэл цахимаар хуралдаж болоод байхад “Цахим шилжилт” гэж хамгийн их ярьдаг Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хойд бүс, хангайн бүс, говийн бүс, баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудад очиж хуралдана гэж хэлбэрдэн попрох ямар шаардлага байна вэ. Ганц нэгээрээ орон нутагт очихдоо л ямар их хүндрэл чирэгдэл болж, төсвийн байгууллагуудыг яаж холгож, өрөнд оруулаад явдаг билээ дээ.

Та бүхнийг дайлж цайлаад явуулсан зардалтай дүйх хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн орон нутагт шийдэж өгөх байлаа ч энэ бол маш буруу жишиг. Зөвхөн орон нутгаас гарах зардлаас гадна эндэх зардал буюу сайд, гишүүд, сайд, дарга нарын унаа машины бензин тосыг тооцвол бас л унтууцмаар дүн гарна. Зарим нь бүр нисдэг тэрэг хөлөглөнө. Тэгсэн ч гэсэн машин нь газраар очно. Давхар зардал гэсэн үг.     

400 км зам туулж, хоёр цагийн хурлын төлөө хоёр өдөр агаар салхинд гарч амармаар санагдаад байгаа бол эрхэм төрийн түшээд Та бүхэн очсон аймагтаа түвэг удалгүй өөр өөрсдийнхөө зардлаар явах хэрэгтэй болов уу. Томилолтоор явахад буудал, хоол, унд, бензин тосны зардал гэж угаасаа л төсвөөс гаргуулдаг болохоор орон нутгийг давхар холгох хэрэггүй.

Дагалдаж явах хэвлэлийнхэн ч гэсэн албан байгууллагаасаа, эсвэл яамдаас гаргуулж авсан томилолтын зардлаараа буудал, хоол, ундны төлбөрөө хийж хэвшмээр байна. З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед хэвлэлийнхэн зөвхөн байгууллагаасаа олгосон томилолтын зардлаар л бүхнийг болгодог байсан биш үү. Өнөө цагт сайд болгон дэргэдээ хэвлэлийн албадтай болсон учраас хэвлэлийнхэн харин ч холбох гүүртэй болж, яамд, агентлагуудаас томилолтоо хэл үггүй гаргуулдаг. Тэгэхээр аймаг орон нутгийнханд давхар нэрмээс болохгүй байвал сайн сан. “Ийгл” зэрэг зарим зангарагтай хэвлэл угаасаа ч өөрсдийн томилолтоороо явдаг.