Хүн төрөлхтөнд манай бөмбөрцөг шиг дахиад хоёр цэнхэр гариг хэрэгтэй болох нь. Агаарын бохирдол, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хомсдол, хог хаягдал, хүрээлэн буй орчны доройтол гээд дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй, энэ хэвээрээ яваад байвал 2100 онд манай гаригийн хүн ам 11 тэрбумд хүрэхээс өмнө хоёр, гурав дахь дэлхийг хаа нэгтэйгээс хайж “олох” ёстой гэсэн үг. Гэвч хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн гэгддэг хүн төрөлхтний хувьд ч энэ нь боломжгүй зүйл. Тиймээс аливаа өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийн тухай ярихдаа байгаль дэлхийдээ хэрхэн ээлтэй байлгах вэ гэдгийг зайлшгүй бодолцох ёстой болж байна.
Эдийн засгийн салхи зүүн тийш эргэн, Азийн орнууд асар хурдацтай хөгжиж, хотжихын хэрээр хүрээлэн буй орчны доройтол нийгмийн бүхий л давхаргад нөлөөлөх болов. Хөгжлөөрөө тэргүүлж яваа Зүүн хойд Азийн орнууд өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн 32 хувийг “үйлдвэрлэж” буй. Тэр дунд Улаанбаатар хот утаагаараа нэрмээс болоод суугаад байхгүйн тулд яах ёстой вэ. Хожимдохоосоо өмнө “гэмээ” ухаарсан Зүүн хойд Азийн хотууд одоо ногоон өсөлт, ногоон эдийн засаг, ногоон дэд бүтэц, ногоон ажлын байр, ногоон амьдралын хэв маяг гэсэн хөгжлийн шинэ концепц гаргаж ирээд түүндээ хүрэхийн тулд чармайж байна. Тэгвэл Монгол Улс, Улаанбаатар хот энэхүү ногоон хөгжилд ямар үүрэг, оролцоотой байх бол. Бидэнд ямар боломж байна вэ.
Нийслэлийн удирдлагуудын яриад байгаа шиг Улаанбаатар маань 2030 он гэхэд ногоон хот болж үнэхээр чадах уу, эсвэл бид сэрүүн зүүдлээд байна уу гэсэн асуултад хариу олохыг зорилоо. Асуудлуудаа шийдэхийн тулд бид юу хийсэн бэ, тэр арга зам нь хэр оновчтой байв, бас ямар үр дүн авчрав гэдэгт олон талын эх сурвалжаас, илүү бодитой хариу олохыг хичээв. Эцсийн дүгнэлтийг мэдээж уншигч та гаргана. Бидний хамгийн түрүүнд хөндөх сэдэв бол хотын утаа.
Швейцарийн Женевт очсон жуулчдыг такси хөлөглөж агаарын бохирдол үүсгэх вий гэж болгоомжлохдоо хотын захиргаанаас нь тэдэнд бүх төрлийн нийтийн тээврээр үнэгүй зорчих тасалбар өгдөг гэнэ. Чехийн Прага хотод ч мөн жуулчдыг зочид буудалд хонох өдрийн тоогоор “one day ticket” буюу нэг өдрийн эрх өгдөг аж. Айлын “аавууд” ийм сүрхий. Агаарыг нь бохирдуулж, “хүүхдүүд”-ийнх нь эрүүл мэндэд заналхийлэх вий хэмээн үхтлээ айж байна. Харин манайхан дэлхийд агаарын бохирдлоороо аман хүзүүдсэн Улаанбаатарынхаа утааг өнгөрсөн дөрвөн жилд 20 хувь буурсан хэмээн сэнхрүүлж буй. “Улаанбаатарын агаар жил тутам дэлхийн дунджаас 9-14 дахин их бохирдолтой гардаг учраас найрлага дахь хорт бодисынх нь агууламж 20 хувь буурсан нь хүмүүст мэдэгдэхүйц үр дүн биш байж болох” хэмээн “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын индэр дээрээс зарласан. Утаатай тэмцэх нь маш их хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил гэдгийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд онцолсон тул Н.Энхболд захирлын хэлсэн үнэн байж болох л юм. Харамсалтай нь, Монголд энэ талаар ул суурьтай, системтэй судалгаа, дүгнэлт хангалтгүй учраас агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт яаж нөлөөлж буйг мэдэхгүй сууцгааж байна. Гэтэл хорт утаагаараа манай урд гишгэж буй БНХАУ-д агаарын бохирдлын улмаас үүдсэн өвчлөл болон нас баралтын зардал ДНБ-ийх нь таван хувьтай тэнцэхүйц хэмжээнд очсоныг хүртэл нарийн тооцоод гаргачихаж.
Боломж
УЛААНБААТАР ЗАЛУУ ХОТ
Тухайн хотыг ногоон хөгжилд хэр ойртсон бэ гэдгийг илэрхийлдэг гол үзүүлэлтүүд Улаанбаатарын хувьд одоогоор бараг бүгд “0” зааж байгаа. Гэхдээ БНСУ-ын Суурин газрын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Ван Кваникийн хэлснээр “Хамгийн хэцүү зүйл бол хөгширсөн, хуучин хотыг шинэчлэх. Улаанбаатар харьцангуй залуу хот учраас давуу тал бий” гэснийг бодохоор бас ч гэж боломж байгаа юм шиг ээ. Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Улаанбаатар орчин үеийн инженерийн шийдэл, зохион байгуулалт бүхий барилгажсан хот болоод 60, 70 жилийн л нүүр үзэж байна. Хотжих явцад тулгардаг зовлон бэрхшээлүүдийг даван туулах гэж бид мэрийж байна. Азаар бид юуг ч тартагт нь тултал буруу хийчихээгүй байгаа учраас дээрх зовлонг туулаад гарсан, ахан дүүсийн харилцаатай хотуудаас суралцах, туршлага солилцох боломжтой” хэмээсэн.
Учир нь гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалт татах боломжтойг өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд харуулсныг тэрбээр онцолсон.
ӨӨРТ БАС ӨРӨӨЛД ЭЭЛТЭЙ БАЙХ НЬ
Манайхыг ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө маш тодорхой, эрэмбэ дараатай боловсруулбал одоо ч хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хандивлагч цөөнгүй байгаа юм билээ. Экологи, ногоон хөгжлийн асуудал нь бөмбөрцөг даяараа биш юм гэхэд бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, хамтын хүчээр даван туулах учиртай сорилт болохыг улс гүрнүүд ойлгож эхэлжээ. Сөүл хотын удирдлагууд жилийн төсвөө хэлэлцэхдээ дараа жил Улаанбаатарт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөх вэ гэдгээ шийддэг байх жишээтэй. Манай нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардлагатай 14 сая ам.долларыг ч сөүлчүүд хотын төсвөөсөө илүүчилжээ. Тиймээс улаанбаатарчууд утаатайгаа тэмцэх гээд энд ганцаараа ухантаад нэмэргүй, бусадтайгаа хамтран ажиллаж байж бүс нутгийнхаа хэмжээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь. Улаанбаатартай ахан дүүсийн харилцаатай хотуудын туршлагаас харахад агаарын бохирдлыг бууруулахын тулд богино, дунд, урт хугацаанд юу хийхээ шат дараатай төлөвлөх хэрэгтэй аж. ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “Агаарын бохирдлыг бууруулахад юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан төрийн бодлого боловсруулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд төлөв байдалд нь дүн шинжилгээ хийх мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэх нь чухал. Ингэснээр агаарын бохирдлыг зөв үнэлж, дүгнэлт гарган, үр дүнтэй арга зам сонгосноор утааг бодитойгоор бууруулах боломжтой” гэлээ.

Сорилт
ХЭРЭГЦЭЭТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 10 ХУВИЙГ Л ХАНГАНА
Манай хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айлуудын болон усан халаалтын зуухнаас ялгарсан утаа, 10-15 хувийг автомашины хорт хий, үлдсэнийг нь дулааны цахилгаан станцууд “үйлдвэрлэдэг”. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй зуух, түлш, дулаалгаар хангах зорилт тавьсан. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Мянганы сорилтын сан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн шугамаар 198.683 өрхийн 88 хувьд нь утаагүй зуух борлуулаад буй.Утаагүй зуухны намтраа өнөө жилээс цэглэж буй улаанбаатарчууд одоо сайжруулсан цэвэр түлшинд найдах хэрэгтэй болов.Улаанбаатарын гэр хорооллынхон 600-700 мянган тонн түүхий нүүрс түлж, өвлийг давдаг. Гэтэл манай үйлдвэрлэгчид хамгийн ихдээ л 200 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай гэдэг. Харин энэ жил 4-5 компани л тус бүр 10-15 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэснээс үзвэл нийлүүлэлт нь эрэлтийнхээ 10 хувийг арай чүү хангах нь. Ер нь цаашид хийн хэрэглээнд шилжих нь зүйтэй ч богино хугацаанд бохирдлыг бууруулахад гэр хороололд ашиглаж буй түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солих нь илүү бодитой арга хэмжээ гэж үзэж байгаагаа ЖАЙКА-гийнхан дуулгаж байна. Одоо олон төрлийн сайжруулсан түлш байгаа тул эдгээрт тавигдах шаардлага, стандартыг тогтоохоор тэд үнэлгээ хийж буй.
Агаар дахь тоосонцрын агууламж өвлийн улиралд галлагаатай холбоотойгоор ихэсдэг. Тоосонцрыг бууруулахад ногоон байгууламж хамгийн чухал үүрэгтэй. Гэвч Улаанбаатарт ямар модыг хаана тарих вэ гэдэг үргэлж маргаан дагуулдаг. Энэ жил гэхэд л нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгөөр мод тарих байсан ч тендерээс болоод хэрэгжсэнгүй.
ДИЗЕЛЬ ТҮЛШИН ДЭХ ХҮХРИЙН АГУУЛАМЖ 120 ДАХИН ИХ БАЙНА
Нийслэлийн агаарыг бохирдуулагч хүчин зүйлсийн хоёрдугаарт автомашины утаа ордог. Энэ нь дөрвөн улирлын турш бидний уушгийг хордуулдаг. ЖАЙКА-гийн тээврийн хэрэгслийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Сато Ацүшигийн ярьснаар автомашинаас үүдэлтэй анхаарах гол зүйл нь хүхрийн агууламж өндөртэй шатахуун хэрэглэж буй явдал гэнэ. Ялангуяа дизель түлшин дэх хүхрийн агууламж Японд 10 ppm байдаг бол Монголд 1200 ppm буюу 120 дахин илүү байгаа аж. Хүхрийн давхар исэл нь хүний амьсгалын замыг нарийсгаж, уушгины хамгаалах механизмыг сулруулан, зүрх, судасны архаг өвчнийг сэдрээдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Японы автомашинуудад хаягдал утаа шүүх төхөөрөмж суурилуулдаг бөгөөд энэ нь хүхрийн агууламж багатай шатахуун хэрэглэж байгаа тохиолдолд илүү үр дүнтэй аж. Гэтэл манайд хүхрийн агууламж маш өндөр шатахуун хэрэглэдэг учраас тус төхөөрөмжийг суурилуулсан автомашин авчирсан ч хаягдал утааг бүрэн шүүж, бохирдлыг бууруулж чадахгүй гэлээ.
Энэ чиглэлээр богино хугацаанд хийх ажлын эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөө орчмоор зорчигч тээвэрлэдэг, нийтийн тээврийн хуучин автобуснуудад дизель хөдөлгүүрийн “Евро-4” стандартын шүүлтүүр тавихаар туршиж буй юм байна. Энэ өвөл эхний ээлжийн 100 автобусанд тавихаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрээс ялгарах хорт утааг 60 хувь хүртэл бууруулах тооцоо гарчээ. Цаашид том оврын автомашинуудад хорт утаа шүүх төхөөрөмж суурилуулахыг шаардах гэнэ. БНСУ, Япон, АНУ-д дизель хөдөлгүүртэй бүх автомашинд шүүлтүүр тавихыг шаарддаг агаад биелүүлэхгүй бол замын хөдөлгөөнд оролцуулдаггүй байна. Том оврын дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа, тортгийг багасгах арга хэмжээ болгож ЖАЙКА-гаас DPF буюу утааны тортог шүүх төхөөрөмжийг том оврын автобуснуудад суурилуулах санал тавьжээ. Тус төхөөрөмжийг нэг автобусанд суурилуулахад нэг сая гаруй иен шаардлагатай гэж тооцож байгаа аж.
ЭРЧИМ ХҮЧНИЙ “АКУЛУУД” НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс эрчим хүчнийхээ дийлэнхийг нүүрснээс гарган авдаг нь агаарын бохирдолд нөлөөлж буй бас нэгэн томоохон хүчин зүйл. Гэтэл дэлхий даяар нүүрснээс татгалзаж байгаа. Тухайлбал, Францын томоохон “Engie” компани (хуучнаар “GDF Suez”) Засгийн газрынхаа шийдвэрээс болоод нүүрстэй холбоотой төслүүдэд хөрөнгө оруулахаас татгалзсанаа саяхан мэдэгдсэн. Монгол Улсын сайд М.Энхсайхан хэдхэн хоногийн өмнө Тавантолгойн төслийн талаар Ерөнхий сайдад танилцуулахдаа Францын Засгийн газар нүүрстэй холбоотой бүхий л төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул “GDFSuez”, “PoscoEnergy”-гийн хамтарсан консорциум уг төслөөс гарахаа мэдэгдсэнийг дуулгасан. ДЦС-уудаас агаар бохирдуулах бодис хамгийн их ялгардаг. Гэвч агаар орчны агууламжийн талаас авч үзэхэд хүний амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд гэр хорооллынхоос бага байгаа гэнэ. Нэгэнт хэсэгтээ л нүүрсээ түлэх нь тодорхой гэвэл манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд байгаль орчинд ээлтэй технологи суурилуулахыг шаардах нь зүй билээ. Түүнчлэн 2016 оны хавар япончууд манай “ДЦС-4”-д хаягдал утааны бохирдуулах бодис хэмжигч төхөөрөмж суурилуулах гэнэ.
1960-1970 онд Токио хотын агаар их бохир байжээ. Тухайн үед арлын орныхны хэрэгжүүлсэн гол арга хэмжээ нь түлшийг сольж нүүрснээс нефть, нефтиэс хий болгож өөрчилсний дүнд агаарын бохирдлыг ихээхэн бууруулж чадсаныг Сато Мүцүми тэмдэглэсэн. Япон улс түлшний хувьд зөвхөн хий төдийгүй нефть, мазут, керосин ашигладаг. Харин Монгол хэзээ эрчим хүчний олон эх үүсвэртэй болох вэ?
“БАЙ”-ГАА ОНОХ ХЯЗГААРЛАЛТ ХЭРЭГТЭЙ
Япон улс 1970 оноос үйлдвэрээс ялгарах утааны хэмжээнд хязгаарлалт тавих зэргээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төрөл бүрийн хууль журам хэрэгжүүлж ирсэн байна. Мөн автомашины хаягдал утааны ялгарлыг багасгах зорилгоор олон хязгаарлалт, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль баталж байжээ. Улмаар үйлдвэр, автомашин зэрэг бохирдуулах эх үүсвэрүүдэд томоохон технологийн шинэчлэл хийж, тодорхой өөрчлөлтүүд гаргасан туршлага бий. БНСУ-д ч бас л дээрхтэй адилаар бүх талын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсанаар ногоон өсөлтөөр дэлхийд жишиг болж чадсан. Харин манайд ийм зохицуулалт хийх нь бүү хэл, Агаарын тухай хуулиар иргэдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлдэг байсныг одоо болиулчихсан. Бас Ерөнхий сайдаар ахлуулдаг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг зохицуулах учиртай “Цэвэр агаар сан”-г татан буулгахаар ярьж буй сурагтай.
ЖАЙКА-гийн агаар орчны загварчлал хариуцсан мэргэжилтэн Наката Шиняа холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарах нь зүйтэйг сануулсныг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргамааргүй байна. Улсын болон нийслэлийн түвшинд энэ асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллага, албууд хамтран ажиллаж, агаарын чанарын өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай юм байна. Дээрээс нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дунд, урт хугацаанд хийх ажлууд болох гэр хороололд төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ тавих, дэд бүтцийг өргөтгөх, дагуул хот байгуулах, дахин төлөвлөлтөөр иргэдээ орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлж чадвал манай хот утаанаасаа салах нь огт боломжгүй зүйл биш бололтой. Улаанбаатар хамгийн хүйтэн нийслэл ч хамгийн бохир байх албагүй!