Францын нэрт жүжигчин Жульетта Бинош ирэх тавдугаар сард болох Каннын кино наадмын шүүгчдийн зөвлөлийн даргаар сонгогдсон тухай мэдээг Парис дахь тус наадмын зөвлөл, зохион байгуулагчид зарлалаа. “Англи өвчтөн” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан Жульетта Биношийн хувьд энэ нь 40 жилийн дараах гайхалтай давхцал болж байгаа аж. Учир нь тэрбээр 1985 онд Андре Течинэгийн “Рендез-Вус” киноны гол дүрийг бүтээсэн нь тэр жилийн Каннын кино наадмаас найруулагчдаа “Алтан далдуу модны мөчир” буюу тэргүүн шагналыг авчирч байжээ.

Бинош ийнхүү өнгөрсөн жилийн Каннын кино наадмын шүүгчдийн зөвлөлийн дарга, АНУ-ын найруулагч Грета Гервигийн орыг залгах хүндтэй үүрэг хүлээсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Би энэ сайхан мэдээг шүүгчдийн зөвлөл болон кино урлагт дуртай үзэгчид, олон нийтэд хуваалцаж байгаадаа баяртай байна. 1985 онд би залуу жүжигчний хувьд бишрэл бахдал, урам зориг хийгээд эргэлзээ сандралаар дүүрэн Каннын тайзнаа алхаж байсан. Өдгөө 40 жилийн дараа Шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр эргэн ирнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй” гэжээ.

Академийн шагналт Жульетта Биношийг манай үзэгчид “Гурван өнгө: Цэнхэр” Three Colours: Blue (1993), “Англи өвчтөн” The English Patient (1996), “Шоколад” Chocolat (2000) Certified Copy (2010), “Уршиг” Damage (1992) зэрэг кинонуудаар нь сайн мэдэх билээ.