“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирыг Төрийн соёрхол хүртсэнийх нь дараахан утас руу нь залгахад “Ажил дээрээ байна аа” гэсэн юм. Уржигдар түүнтэй уулзахаар очиход мөн л ажлаа хийж байв. Магадгүй түүний энэ л занд ард түмэн хамгийн их хайртай байдаг болов уу. “ТАСАМ-ын Санчир Төрийн соёрхол хүртлээ” гэдэг мэдээдэл олон нийтийн сүлжээгээр хэрхэн давалгаалан түгэж, монгол туургатнууд яаж баярласныг бид бэлхнээ харсан.
-Төрийн соёрхол хүртсэнд тань халуун баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гээд олон түмэн таны өмнөөс маш их баяртай байна. Төрийн ордонд очихдоо та шагнал авахаа мэдээгүй байсан гэл үү?
-Урьд өдөр нь Ерөнхийлөгчийн шадар туслах манай байгууллагын утас руу залгаад “Маргааш Төрийн ордонд чухал хуралтай. Албаны хувцастай заавал ирээрэй” гэж надад дамжуулсан байсан. Бид удахгүй аян замд гарах гээд хийх ажил, амжуулах зүйл их байсан тул би утсаа салгачихсан байсан юм. Маш чухал гэсэн болохоор нь “Төрийн ордонд хуралд суучихаад, гарч ирээд арьсан эдлэлийн материалаа авахаар дэлгүүр явъя даа” гээд очсон. Хайсаар байж таван давхарт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ороод, түүхч Д.Өлзийбаатар гуайтай зэрэгцэн зогсож байхдаа ч өөрийгөө шагнал авах гэж байгааг мэдээгүй. Зохион байгуулагч залуу надад “Та энэ алчуурыг хүзүүгээрээ ороочих. Ёслолын байдалтай хувцаслах ёстой юм” гээд алчуур өгөхөд нь ч санаанд ер буугаагүй (инээв).
Би төр, засгаас Жуух бичиг ч авч үзээгүй хүн шүү дээ. Шагналыг ямар нэг тодорхойлолт, хүсэлтийн дагуу хэдэн шат дамжлагаар оруулж байж өгдөг зүйл гэж ойлгодог байсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг шууд уншаад эхлэнгүүт маш их сандарсан. Уг нь би сэтгэл хөдлөлөө олон нийтэд төдийлөн ил гаргадаггүй. Санчир гэдэг хувь хүн их хүнд амьдрал туулсан, түүхийн харгуйгаар замнасан жим мөр, он жилүүд минь ч амар байгаагүй. Нөгөөтэйгүүр олон гайхалтай хүмүүстэй уулзаж, гайхамшигтай өв соёлын дурсгалуудыг үзэж, танилцаж явсан. Аль алинд нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байсан ч энэ удаагийнх шиг сандарч, өөрийн эрхгүй гадагшаа илэрхийлэгдсэн нь ховор. Өнгөрсөн хугацааны хамгийн хүнд бэрх бүхэн нүдний минь өмнө тодорч, аав, ээж, ах нарыгаа дурслаа.
-Нулимсаа барьж дийлэхээргүй тийм их догдлол, хүндлэл Монгол төрийнх болов уу. “Би шагнал горилдоггүй. Авлаа гэхэд очоод үнсүүлэх аав, ээж минь бурхан болсон” гэж та нэгэнтээ ярьсан. Хэдийгээр аав, ээж тань нартад үгүй ч Монголын ард түмэн тэр аяараа таны “магнайг үнэрлэн” баяр хүргэж буйг мэдрэх сайхан байна уу?
-Шагнал аваад гарч ирэхэд багш нар, ах дүүс, найзууд маань утасдаад “Яагаад хэлээгүй юм бэ. Бид ядаж цэцэг бариад очих байсан шүү дээ” гэж “зэмлэсэн”. Үнэндээ одоо ч хүмүүстэй уулзаж, талархлаа илэрхийлэх завгүй л явна. Сэтгэлийг нь үймрүүлчих болов уу гээд ах, эгч нартайгаа ч уулзаагүй яваа. Гэтэл намайг таньдаг, таньдаггүй маш олон хүн өмнөөс минь хөөрч догдлон, баярлаж, дэлхийн өнцөг булан бүрээс талархсан сэтгэлийн зурвас ирж байгаа нь үнэхээр сайхан байна. Дөрвөн жилийн өмнө Улсын наадмын өглөө би хамгийн сүүлд ээжтэйгээ уулзаад, аян замд гарч байв. Тэр өдөр ээж минь “Миний охиныг монгол төр үнсэнэ гэж найдаж байгаа” гэж билээ. Гэхдээ миний ээж өөрөө бичиг цаас барьж, хөөцөлдөж яваагүй. Охин нь амь амьдрал, гэр бүл, залуу нас, хайртай бүхнээ энэ ажлаар солин, зүтгэж явааг минь хамгийн сайн мэдэх учраас тэгж хэлсэн байх. Туркменистанд явж байхад ээжийн бие муудлаа гэж хэл аваад, буцаж ирсэн. Тэгэхэд гурав хоног ухаангүй байсан ээж минь сэрээд “Миний охин сайн явж ирсэн үү. Дахиж Ирак руу битгий яваарай” гэсэн нь сүүлчийн захиас нь байсан. Эх хүний зүрх эцсийн мөчөө хүртэл хүүхдийнхөө төлөө цохилдгийг тэгэхэд би ухаарсан (хоолой зангируулав).
Бидний ажил цаг мөчтэй уралддаг ажил. Устах аюулд байгаа дурсгал, уусах аюулд байгаа монголчуудынхаа хойноос явж, түүх, өв соёл, хүн судлалын салбарт тэдгээрийг цаг алдалгүй баримтжуулан үлдээхийн тулд, Эзэнт гүрний монголчуудын тухай өргөн олонд түгээх юм сан гэж цаг наргүй ажилладаг. Мэдээж би шагналын төлөө 16 жил хэцүү бэрхийг туулж, дайн дажинтай Исламын улсын хаалттай бүсийг үхэн хатан зориогүй. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд зөвхөн газар нутаг, улс орнуудыг эзлэн нэгтгээд зогсоогүй, одон орон, шинжлэх ухаан, шашин, боловсрол, урлаг соёл, барилга архитектурын бүтээн байгуулалт гээд ямар үнэ цэнэтэй, бахархалт дурсгалууд өргөн дэлхийд үлдээснийг баримтжуулан, танилцуулах гэсэн үйл хэргийг минь төр үнэллээ гэж бодож байна. Аян замын минь хүнд хэцүүг, асуудал бэрхшээлийг, энэ бүхнийг олон нийтэд хүргэхийн ач холбогдлыг, түүхийн хуудсанд оруулж байгаа хувь нэмрийг олж харсан Ерөнхийлөгч Х.Баттулгад яаж талархахаа ч мэдэхгүй байна.
-Хүмүүст талархсанаа илэрхийлж, баяраа хуваалцаж амжихгүй дараагийн аян замд гарах болох нь. Одоо хаашаа явах билээ. Төрийн соёрхолт Ц.Санчирыг дэлхийгээр нэг тархан суурьшсан монголчууд их баяртайгаар угтах нь дамжиггүй?
-Ерөнхийлөгч дараа нь биднийг өрөөндөө хүлээн авч уулзаад, аян зам, ажил үйлсийн тухай ярихдаа “Одоо гэртээ харина биз дээ” гэсэн. Тэгэхэд нь би “Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц гэр л бий” гэж хариулсан. Үнэхээр л өнгөрсөн он жилүүдэд би хамаг амь амьдралаа энэ ажилд зориулсан. Цаг мөч бүрийг нарийн төлөвлөж, ажлынхаа төлөө улайран зүтгэсээр явна. Би “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай цэргийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлийн дуудлагаараа цаг наргүй зүтгэсээр амьдралын хэвшил минь нэгэнт ийм болжээ. Өнгөрсөн хугацаанд үзэж, туулсан бүхнийг минь бусад хүн сайн мэдэхгүй учраас “Ийм залуудаа Төрийн шагнал авлаа” гэж залуу насыг минь голох вий гэж эмээж байна.
Манай байгууллагынхан өнгөрсөн 16 жилийн турш дэлхийн 50 гаруй орны 600 гаруй хот суурингаар орж, Монголын эзэнт гүрний өв соёлын дурсгалуудыг архивлан, 21 дүгээр зууны медиа арга замаар баримтжуулан үлдээлээ. Бид нэг газарт ганц удаа очоод л хүссэн дүрс бичлэгээ хийж чаддаггүй. Зарим газарт 35 удаа очиж байж, 40-хөн минутын ганц баримтат цуврал бүтээх жишээтэй. Соёл судлаач хүний хувьд угсаатны онцлогийг харуулахын тулд баяр наадам, хурим, оршуулга гээд олон удаагийн зан үйлийг бодитоор харж, мэдэрч байж чанартай юм хийх ёстой гэж боддог. Одоо бид Төмөрийн улс буюу Туркменистан, Узбекистан, Турк зэрэг орноор явах гэж байна.

Миний хамгийн гол баярлаж, талархаж явдаг зүйл бол би дэмжигчтэй судлаач юм билээ. Таксины жолооч “Өө, Тасам Санчир байна. Та хаашаа хүргүүлэх вэ” гэнэ, татварын газар очиход “Алив, танд юугаар туслах вэ” гэнэ, онгоцонд таарсан хүмүүс “Санчир явж байгаа юм уу. Аян замыг тань мялаая” гэдэг. Олон түмнээс ийм хүндэтгэл хүлээсэн судлаач хэр олон байдгийг мэдэхгүй. Олон нийтийн сүлжээгээр манайхыг дэмждэг 300 мянга гаруй хүн байна. Тэдэн дундаас 30 мянга гаруй нь үйл ажиллагааг минь идэвхтэй дэмждэг. Намайг огт танихгүй 50 гаруй хүн нэгдэж, ТАСАМ-ыг дэмжигчдийн клуб байгуулаад, манай судалгааны ажилд тус нэмэр болдог. “Санчир хэзээ ирэх бол” гээд талхаа бариад, төмсөө чанаад намайг хүлээж байдаг дэлхийгээр нэг тархан суурьшсан монголчуудыг ч энэ мэдээ их баярлуулсан байна. Учир нь тэр хүмүүсийн асуудлыг, тэнд байгаа өв соёлын дурсгалуудыг Эзэнт гүрний голомтыг сахиж буй энэ цагийн Монголын төр анхааралдаа авч, соёрхжээ хэмээн тэд зүрх сэтгэлдээ илүү ойр хүлээж авч байгаа болов уу.
2009 оноос хойш өнөөг хүртэл бидний ажлын хүнд хэцүү цаг үе болгонд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дутуу гуцууг минь нөхөж ирсэн М.Болд захиралтай “Хас” банкны хамт олонд маш их баярлаж явдгаа хэлье. Тэд намайг энэ ажлын төлөө яаж бүхнээ зориулдгийг, өдрийн хоол минь хэдэн төгрөгийн нормтой байсныг, бэлэн гоймон, дөрвөн ширхэг өндгөөр хоногийн хоолоо болгож ирснийг хүртэл мэднэ. Мөн “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын маань гүйцэтгэх захирал, Манчестрийн их сургуулийн мастер, докторант Б.Цэрэн миний ард намуухан, даруухнаар ажлаа хийгээд л явж байдаг. Миний багш, хүн судлалын шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь гээд олон олон хүнд маш их талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Төрийн соёрхол гэдэг их том хүндэтгэл байдаг бололтой. Багш маань одоо өөрийн биеэр ирж, баяр хүргэнэ гэхээр нь дотроо эмээгээд сууж байна (инээв).
-2016 онд хэвлүүлэх төлөвлөгөөтэй гэж байсан “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ийн ажил нь юу болж байна вэ?
-Эзэнт гүрний монголчуудын очсон, монгол хаадын тамгаа дарсан бүх газарт мэргэжлийн судлаачид хүрч, хээрийн судалгаа шинжилгээ хийснээ “Эзэнт гүрний нэвтэрхий толь” нэртэйгээр, олон улсын жишгийн дагуу НҮБ-ын гол гол хэлүүдээр хэвлүүлэх гэж байгаа учраас асар их хөрөнгө, хүч, цаг хугацаа орох юм. Их Монгол улсын 810 жилийн ойгоор буюу 2016 онд үүнийгээ гаргачих юм сан гэж их хичээсэн. Өв соёлоо эн тэргүүнд тавьж, туулсан түүхийнхээ бодит үнэнийг олон нийтэд баримттайгаар мэдүүлэх гэсэн энэ чухал ажлыг төр, засаг дэмжих болов уу гэж найдсан. Миний зүрх сэтгэлийн мухарт найдлага ямагт байдаг.
Дэлхий 365.25 өдөртэй, нэг жилтэй гэдгийг тогтоосон анхны албан ёсны одон орны төвөөр, таван ухааны дөрвөн их сургуулиар, 1256 оноос эхлэн 400 мянган номтой номын сан байгуулсан түүхээр, Эзэнт гүрний баруун жигүүрт 32 мянган гадаад эрдэмтний орон сууц бариулсан бүтээн байгуулалтаар бид бахархах учиртай. Үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зайлшгүй хөрөнгө хүч хаяж байж, илүү өргөн хүрээнд, илүү далайцтай гаргаж тавих учиртай. Наад зах нь эдгээр өв соёлын дурсгалуудыг тухай тухайн улсынх нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр уг нэвтэрхий тольд баринтаглагдана. Одоогоор 200 гаруй өв соёлын дурсгалын тухай олон нийтэд танилцуулах албан ёсны эрхийг манай байгууллага маш өндөр үнээр худалдаж авсан. Жишээ нь, “Өлзийт хааны ордон” гэдэг ном хэвлүүлэхийн тулд олон удаа судалгаа шинжилгээгээр зорьж очсон. Анх 20 минутын дүрс бичлэг хийх албан ёсны зөвшөөрөлтэй очиж байв. Гурван давхар, найман талт адар туурганы хийц маяг, хээ чимэглэл гээд хүн төрөлхтний уран барилгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан барилгыг зургийг бүх талаас нь авах амар байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүн ажил хийх, жолоо барих, эрэгтэй хүний өөдөөс эгцлэн харахыг хүртэл хорьдог Исламын улсад мэргэжлийн техник хэрэгсэлтэй бид тэндхийн хүмүүстэй ойлголцож, гүрний түүхээ судалж явна гэдэг хэцүү. Энэ мэтээр “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-оо хийхийн тулд бид тасралтгүй ажилласаар байна. Миний хувьд шөнө дөрвөн цаг л унтдаг. Эрдэмт мэргэн багшаасаа оюутан байхдаа өвлөж, дадсан зүйл минь тэр.
-Нэвтэрхий тольд орох баримт материал, судалгааны зүйлс бэлэн, харин хөрөнгө мөнгө гачигдалтай байна гэж ойлгож болох уу?
-Манайх судалгааны байгууллага учраас бүх зүйл баримттай байдаг. ТАСАМ байгууллага өнгөрсөн хугацаанд Эзэнт гүрний маш олон өв соёлын дурсгал материал хурааж хуримтлуулан, архивлажээ. Тэдгээрээс ердөө таван хувь буюу өчүүхэн жаахан хэсгийг нь л үзэсгэлэн гаргах, ном хэвлүүлэх, баримтат цуврал хийх, сэтгүүлчдэд ярилцлага өгөх зэргээр олон нийтэд хүргэжээ. Цаана нь байгаа жинхэнэ “үүц”-ийг олон улсын стандартын дагуу дэлхий нийтэд түгээж, танилцуулахын тулд хөрөнгө хүч зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бид мөнгө хүлээгээд зүгээр суудаггүй.
-Нэг үеэ бодоход танайхны судалгааны аян замыг таслахгүйн төлөө хүмүүс сэтгэл гаргадаг болсон байх. Та урьд нь судалгааны ажилд явахын тулд банкнаас валютын зээл хүртэл авч байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. “Хүмүүс байр, машин авахын тулд зээл авдаг байтал судалгааны ажлын төлөө чам шиг ингэдэг хүн байхгүй” гэж тухайн үед нөхдөдөө зэмлүүлж ч байв. Миний судалгааны ажлын галыг таслахгүйн төлөө маш олон хүн сэтгэлээ дэлгэсээр ирсэн. Сүүлчийн судалгааны ажлыг минь Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир ивээн тэтгэж байгаа. Энэ олон жилийн хугацаанд дэлхийн улсуудын гуравны нэгд нь очихдоо бид анх удаа Консулын газраасаа дэмжлэг хүртэж байна. Бидний ажлыг ойлгон, гэр бүлийнхээ бизнесээс дэмжиж буй тэр хүнд их баярлаж байгаагаа илэрхийлье. Надад жаахан бардам зан байдаг. Хаана ч очсон ЭСЯ, Консулын газарт хандаж би үзээгүй. Өндөр дээдсийн хувь ерөөлөөр надад оногдсон энэ ажлыг хийхдээ би ялархаж, энд тэндээс юм гуйж явахгүй гэж боддог. Гэхдээ бидэнд сэтгэлээрээ тусалсан хүмүүсийн ачийг хэзээ ч мартдаггүй. Биднийг дэмжиж тусалсан хүмүүсийн ажил, амьдрал хэзээд өөдрөг бүтэмжтэй байдаг.
2009 оноос өмнө нөхцөл байдал их хүнд байсан шүү. Аав, ээжээс заяасан авьяас билгээрээ зураг зураад, “Tasam Craft” арьсан эдлэлийн үйлдвэрлэлээ хийгээд судалгааны галаа таслахгүй явна гэж зүтгэдэг байв. Газар дээр ганц үлдсэн ах минь тэтгэврээ зээлээд өгдөг, “Нарантуул” зах дээр ажилладаг эгч маань зээл аваад намайг явуулдаг. Би тэдэндээ огт нэмэр болохгүй байж, авахаа л мэддэг.
-Уучлаарай, таны хувийн амьдралын тухай сонирхож болох уу. Та гэр бүлтэй юү?
-Би өнгөрсөн хугацаанд 300 гаруй ярилцлага өгөхдөө хувийн амьдралынхаа тухай огт ярьж байгаагүй л дээ. Гэхдээ нэгэнт Төрийн соёрхол хүртсэн энэ цаг мөчид хүмүүс миний тухай сонирхож байгаа болов уу гэдэг үүднээс хүндэтгээд зах зухаас нь ярья. Дайн дажинтай газар руу судалгааны ажлаар байнга явдаг учраас миний амь нас баталгаа байхгүй гэж хэлж болно. Маргааш би Афганистан явлаа гээд эргэж ирэх, эсэхээ мэдэхгүй. Хэн ч миний амь насыг хариуцахгүй. Тиймээс намайг дэмждэг байгууллага, холбоотой байдаг хүмүүстээ ямар ч асуудал үлдээхгүй, түвэг удахгүй байх сан гэж боддог. Тийм ч учраас би гэр бүл зохиож, үр хүүхэдтэй бололгүй өдий хүрсэн. Нэгэнт эргэж буцах эрхгүй замыг сонгосон учраас цаашид ч тийм байна. Намайг гэр бүлтэй болоод, хүүхэд төрүүлж, өсгөчихөөд очно гэвэл тэр хооронд хэчнээн хүмүүс уусаж, хэдэн дурсгал устахыг таашгүй. Тэнд намайг Эзэнт гүрний монголчууд хүлээж байхад энд би хувийн амьдралаа бодож болохгүй. Зарим хүнд хийрхүү сонсогдож магадгүй. Гэхдээ надад байгаа бүх зүйл гэвэл миний ажил. Харагдаж байгаа зүйл нь Санчир гэдэг энэ бие хүн л байна. Надад өөр юу ч байхгүй.
-Явсан хүнээс үг дуул гэдэг. Дэлхийгээр хэрэн явсан энэ он жилүүдэд та өөртөө юу олж авсан бэ?
-Урт холын аян зам хүнийг эгэл энгийн болгодог юм байна. Би ийм энгийн хүн байгаагүй. Их сургуульд багшилж байхдаа би бас л их маягтай хүн байжээ гэж одоо бодогддог. Хамгийн баян айл нь дөрвөн хоньтой, бүтэн сарын турш төмс л чанаж идээд амьдардаг, зарим газарт худаг ус байхгүй тул борооны дараах шалбаагны усыг шүүж хэрэглэдэг гээд амьдралын олон янзын өнгө аясыг олж хардаг. Кофе, саван, шүдний оо, шампунь гэж мэдэхгүй, угаалгын нунтгаар бүх зүйлээ угаадаг монгол хүмүүс ч дэлхийн өнцөг буланд байсан. Одоо харьцангуй өөрчлөгдөж байгаа. Монгол мөнгөөр 25 мянган төгрөгийн цалинтай багштай ч би уулзаж байлаа. Гурван сая төгрөгийн цалинтай багштай ч уулзаж байв. Аль аль нь Монголд ирэхээрээ утаатай ч гэсэн Улаанбаатарын агаарыг сүслэн амьсгалдаг. “Монголчууд хэчнээн сайхан эрх чөлөөтэй, хаа сайгүй хүнгэнэлдээд яруу тансаг монгол хэлээрээ ярих юм аа. Бидний яриа ямар байгаа бол” гэж санаа зовдог. Гэтэл голомтдоо буй монголчууд бид яаж амьдарч байгаа билээ гэдгээ бодох учиртай. Хувь хүний хөгжил манайд асар мундаг байна. Монгол залуусын хандлага, үндэсний үзэл зөв талаараа сэргэж байна. Харин гүрний голомтыг манаж байгаа төрийн бодлого сул байна.
-Олон жилийн турш дэлхийгээр тархан суурьшсан монголчуудтай уулзаж явсан та “Монголчуудын мах цусанд байдаг язгуур чанар нь их үнэнч ард түмэн юм байна” гэж тодорхойлсон байсан. Тэгвэл Монгол нутагт голомтоо сахиж үлдсэн өнөө цагийн монголчуудыгаа харахаар танд ямар санагддаг вэ?
-Бидний зорьж очин уулздаг монголчууд тухайн улсдаа их дарамтан дунд байдаг. Гэвч тэднээс XIII зуунд монголчууд ийм л байсан болов уу гэмээр, монгол хүний жинхэнэ мөн чанар мэдрэгддэг. Соёл судлаач мэргэжлийн маань онцлог ч юм уу, Монголдоо ирээд харахаар монголчуудынхаа дайчин, хүнд бууж өгдөггүй эрэмгий чанараар зарим талаар би бахархдаг. Замын түгжрэл дунд хоёр машин шүргэлцлээ гэхэд хоёр монгол гарч ирээд, “Чи хэн бэ”, “Би хэн бэ” гэсээр сүүлдээ гар зөрүүлэх энүүхэнд. Би монгол хүний энэ чанарт дуртай. Миний амьдралын уриа бол “Ялж амьдар”. Би амьдралдаа үхэл хагацал, өнчрөл гаслан, өвчин зовлон, үгүйрэл хоосрол, уналт шаталт, осол гэмтэл гээд маш олон сорилттой тулгарсан. Тэр бүхний дундаас ганц л зүйлд ялагдсан нь аав, ээж, ах нарыгаа алдсан явдал. Үхлээс бусдыг нь би ялж амьдарсан. Гэхдээ бидний цөөхөн монголчууд нэг нэгнээ хүндэтгэн, эв найртай, биесээ дэмждэг байх нь хамгийн чухал шүү.
-Монголын судлаачдад түүх, соёл, хэл бичгээ өнөө цагт дахин шинээр судалж, үнэн бодитоор гаргаж ирэх үүрэг ногдож буйг эрдэмтэн мэргэд ярих болсон. Наад зах нь араб, перс хэлтэй судлаачдыг улс бодлогоор бэлтгэх хэрэгтэй байгааг та ч хэлдэг. Манай төр, засаг үүнд ер нь анхаарч байна уу?
-Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Юань улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаадын улс гэсэн дөрвөн их улс багтаж байв. Бид Зүчийн буюу Алтан ордны улсын тухай харьцангуй мэднэ. Юань болон Цагаадайн улсын тухай ч харьцангуй мэднэ. Харьцангуй шүү, бүрэн сайн мэднэ гэсэн үг биш. Харин Ил хаадын хязгаар буюу Исламын улсуудын тухай манайхан бараг мэддэггүй. Яагаад Санчир энэ хаалттай бүс нутаг руу яваад байдаг юм бэ, араб, перс хэл яагаад хэрэгтэй вэ гэж асуух хүн бишгүй байдаг. Монголын эзэнт гүрний түүхийг бүрэн судлахын тулд тухайн үед араб, перс хэлээр бичигдсэн түүх, соёлын хосгүй үнэт сурвалж бичгүүдийг бид эх хэлнээс нь шууд орчуулдаг болмоор байна. Нэлээд хэдэн жилийн өмнө тэдгээрийг манайхан перс хэлнээс англи, англиас орос, оросоос монгол руу дамжуулан орчуулсан. Нэг хэлнээс нөгөө рүү орчуулахад тодорхой хэмжээнд утга агуулгын зөрүү гардаг. Тэгвэл гурав, дөрвөн хэл дамжихаараа юу болж таарах бол.
“10 гаруй жилийн өмнө таны баримтат цуврал нэвтрүүлгийг үзээд соёл судлаач мэргэжлийг сонгосон” гэж цөөнгүй залуу ярьж билээ. Одоо ч Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй залуус л соёл судлаач мэргэжлийг сонгодог. Хэн нэгний ятгалга, алс ирээдүйн ашиг хонжоо харж бус, сэтгэлийн дуудлагаараа соёл судлаач болж байгаа эдгээр залуусын өмнө Монголын эзэнт гүрэн гэсэн судалгааны асар том талбар байгаа. Харин одоо төр тэднийг бодлогоор дэмжин, хэрэгтэй зүйлийг нь хийлгэмээр байна. Бидний хувьд араб, перс хэл дээрх зарим эх сурвалжийн албан ёсны эрхийг нь аваад, орчуулсан. Гэхдээ үнэндээ тэдгээрийг хэвлэх мөнгө төгрөг хайж, цаг алдахын оронд хэзээ мөдгүй устаж мэдэх түүх, соёлын дурсгалуудыг баримтжуулан авч үлдэх нь чухал байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
2017 он