-Таны харцнаас аавыгаа харах шиг дотно санагдах болсон гэх Буджаргал бүсгүйн дотно үг түүнийг нэг мөр ховсдож орхижээ. Алдарсан сэтгэл гэдэг юутай уяруу, хурууны үзүүрт хүрсэн төдийгөө тэвэрсэн лугаа сэтгэл дүүрэх. “Ёстой заяаны хань болуужин” гэж Бодьхүү урд хошууны Гуа Намнан хэмээх сайхан эрийн төрсөн ганц охиныг бодолдоо нялхруулан шогшино. Олон түмнээ шагшигдсан цуутай мэргэч Долоон Доньдыг нутаг орноор нь морилон саатаж явааг сонсоод, зорьж яваа юм.

Их Саяны нуруу, Хархираа Түргэний уулс гээд долоон их хайрхны эр хар чулуудаар ховлогын дөчин нэгэн чулуугаа бүрдүүлсэн тэрээр ёстой андуу асуугаагүй бол эндүү хэлдэггүй гэдэг. Бодьхүү түүнийг дуурайж Хэрлэн Онон Туул гээд долоон голын чулуу түүж, дөчин нэг хүргээд өвөртөлсөн гэж байгаа. Зүгээр ч үгүй, гол усныхаа айлуудаар бууж, бэлчээр захалсан ганц нэг малын зүг чигийг онож хэлсэн удаатай.

-Бодын хөл анддаггүй Бодьхүү гэдэг чинь энэ дээ гэсэн догио үгэнд урамшсан Бодьхүү чулуу шившихдээ эрэмшүү болчихжээ. Тэгээд хошуу алгасан дотноссон Буджаргал бүсгүйтэйгээ заяа нийлэх эсэхээ хүнээс нуун байж үзсэн чинь “толгой нь наашаа, хөл нь цаашаа” буугаад болох биш. Тэгтэл ч ашгүй Долоон Доньдын явдал суудлын сураг гарчээ.

Хөндийн эхэнд бүртийх, нүдний нуух шиг гандмал хөх жодгорыг Бодьхүү сая олж хараад явдал түргэсгэж, гөлмөө давчихад сайвар бор морь нойтон хөрсийг хөвсөлзүүлэн галигуулав. Гол уруудаад хоёр, хөтөл даваад ганц морьтон үзэгдэнэ. Долоон Доньдыг зорих хүн ганц Бодьхүүгээр тогтоогүй бололтой.

Жодгорын гадна хэдэн хүн ээлжээ хүлээх зуураа Долоон Доньдын тухай хөөрөлдөх аж.

-Долоон Доньдтой хамт нэг сүрхий мэргэч эр аяны замд таарч, ярьж хөөрч хоноо юм биз дээ. Зам салахын алдад мэргэч эр ховлогоо татаад

-Сонин юм даа, гэрийнхээ барааг харахаар гэргий минь, эс харваас би өөрөө гайтах юм даг уу даа гээд ихэд тавгүйрхжээ. Доньд, долоон уулын чулуугаа шившиж татаад

-Хээцэс, чамайг чинь дөчин нэгэн чулуу мэддэг юм гэсэн чинь нэгийг нь мэддэггүй шив дээ гээд богцыг нь аваад сэгсэртэл хар эрээн могой унасан гэдэг. Мөн аатай мэдэж байгаа юм шүү хэмээн бахархал хахуулан ярьцгаана. Жодгороос нэг бол инээд халгисан, эс бол уруу царайлсан улс гарч, ирсэн зүгтээ одоцгооно. Бодьхүүгийн ээлж иржээ.

Долоон Доньдын гараас халтар манан хөөрөг гардаж тамхилсан Бодьхүү

-Бүсгүй хүнд сэтгэл алдраад, амьдралынхаа алсыг харах санаатай ховлого татсан чинь бүтэмж муутай шиг оргиод, ашгүй таны явдал таарсныг ташлааж, асууя уу санаатай ирлээ гэхэд Доньд

-Ховлого татна гэдэг хоосон ч хүний явдал биш дээ хө гэж ихэд таашаангуй хэлээд

-Алив, чулууг нь харъя гэлээ. Бодьхүү баахан тэвдэвч биеийг ихэд хичээн, өврөө тэмтэрсээр зүү ороож, хоргойгоор эмжсэн торгон хавтагаас чулуугаа гаргаж үзүүлэв. Доньд Бодьхүүгийн мэргийн чулууг алгандаа энхрийлэн гүйлгээд

-Эм хүний хурууны өндөг шиг эв ташсан зөөлөн чулууд юм. Уран билэг, увдист зохирлыг андахгүй лавшраах буй заа гэснээ

-Өөрийгөө үзэхээр яаж буух юм, тэгээд? Хоёул нэг харах уу? гэлээ. Бодьхүү долоон голын чулуугаа шившээд, их мэргэчийн өмнө гурав гурваар тастаж, татсаар эцсийн мөчид буусан чулуугаа харуулж

-Ингэж л буугаад байгаа юм. Та нэг хар даа… Миний тал яах вэ болчихно гэж үзэхэд нөгөө талын толгой хөнгөн. Гэтэл сав хоосон, хөл хүнд… гээд Бодьхүү арга мухардан ширтлээ.

Доньд өврөө суйлан хавтагаа гаргав. Үхрийн дармын арьсаар хийсэн атал эдэлгээндээ номхорсных уу, илэг лугаа зөөлөрчээ. Долоон уулаас цуглуулсан эр хар чулуудаа харшуулан үлээгээд, өмнөө дэвссэн ам дөрвөлжин дэвсэг дээр алгаа хумбайлган хөмөрч, алгуур гулсуулан татсаар гурав хувааж эхэлмэгц Бодьхүү мэргийн толгойг харахаас халирч, жодгорын амаар алсын уулын орой тийш хараа бурууллаа. Доньдын атганд харшилдах чулууд ахиад гурав, мөн дахиад гурав тасрах тоогоор Бодьхүүгийн сэтгэл сэмрэх шиг болов. Сэтгэлт бүсгүйнхээ зүрхний тольтыг мэдрэх гэж догдолсных бизээ.

Доньд үлдсэн чулуугаа шившин, нэгэн хэмийн ая данг хүнгэнүүлэн цээж ганхуулан сууснаа

-Хөвүүн чи тэр бүсгүйнхээ сэтгэлийг таньсан байна. Энэ их сайн. Харин биеийг нь таньсан уу? гэж нухацтай асуулаа. Бодьхүү гэнэн залуугийн цагаахан зангаар ичингүйрэн мушийгаад

-Үгүй дээ, ханцуйдаа нуусан хурууны үзүүрийг нь тэмтэрсэн төдий гэлээ.

-Тийм бий, тэгвэл ч яриатай даа хө гээд Долоон Доньд бахтайяа инээлээ. Бодьхүүгийн сэтгэл цэлмэж, залуу хүний цэнгэг инээдээр даган баясахад нар салхинд гандаж цайрсан жодгор майхны дээвэр цаваг хөгшин залуу хоёрын жаргалтай инээдээр дэгэн дэрвэв.

Түдэлгүй Доньдын царай яав гэмээр төв төлөвт хувираад, Бодьхүүг нухацтай ширтлээ. Бодьхүүгийн царайнаас инээмсэглэлийн хараацай ээлж дараалан ниссээр ор мөргүй одов. Доньд уртаар санаа алдаад

-Үнэндээ бол би, мэргэч биш юм шүү дээ. Би чулуудын хэлснийг хэлмэрчилж буй юм. Чулууд, хурууны өндгөөр дамжин оюун тархинд минь буй бүхнээ ярьдгийм. Их ухаалаг ярина шүү, хэрэв тэгдэггүй сэн бол тэд уул уулын оройд, ус усны ёроолд тэр олон сая живаа жилээр юу эсийг бодож үлдсэн байх билээ дээ, тийм үү? гэлээ.

-Харин тийм, тэгээд л тань шиг мэргэч… үгүй ээ, хэлмэрч болох сон гэж хүсэхдээ долоон голын ёроолоос… гэтэл Доньд үгийг таслан

-За хүү минь, чамд би эгцхэн хэлье. Урмын үг бурмын шинжтэй ч хуурмагийн өнгөтэй. Үнэн үг хужир амттай ч зөвийн толботой. Өөрийн заяаг хараагүй хүн бусдын тавиланг хэрхэн хэлэх билээ. Хэрэвзээ чи, чулуудын хүүрнэлийг тайлж үл чадваас тэднийг тайван орхи. Болж гэмээ нь хүүхээ, эдгээр чулуугаа долоон голд нь буцааж өргө. Тэд ихэд ангасан байна гэлээ. Бодьхүү гэм хийв хэмээн цээжээ агшааж, их мэргэчээс ивээл горилон, харц намсгаад

-Хэрэв надад гэм орших аваас…. гэхэд Доньд мөн яриаг тасалж

-Яалаа гэж, яалаа гэж, яахан чамд гэм хурж амжив гэж. Санаа бүү түгш гэхэд Бодьхүүгийн харц зөөлрөн нуугив:

-Харин одоо миний үгийг чандлан сонс. Миний хэлэх үг мэргийн чулууны тухайтаас чухаг гэж итгэ. Нэг гадаснаас аргамжсан хоёр адуу хоолшдоггүй юм. Одоо эндээс гараад зам гажилгүй гэртээ хүр. Эхтэйгээ хоёул амьдардгийг чинь харж байгаа учраас ийн учирлаж буйг минь болгоо гэлээ. Ар гэрийнхээ тухай ганц үг ганхийгээгүй учир Бодьхүү гайхсан харцаар мэлрэв:

-Сэтгэлт бүсгүйнхээ тухай эхдээ ярь. Эцгийнх нь алдар нэрийг хэл. Бүр алдаж будилалгүй тод хэл. Хорвоогийн алаг явдал андуутай, эндүүтэй. Учиг ончирч гэмээ нь балагтай, балчигтай. Учир иймээс хүү минь, чиг алдалгүй эжийдээ оч. Ээ дээ, хичээгээрэй хэмээгээд гаргав.

“Миний мэргэч болох ч лөөлөө боллоо. Дөчин нэгэн чулуугаа долоон голдоо буцааж өргөхөөс өөр яалтай. Харин, зам хазайлгүй явж, эжийдээ очоод…” хэмээн бодсон Бодьхүү амандаа

-Гуа Намнангийн охин Буджаргал… гэж шивнээд гөлмөө давчлаа.

Самсаа бүрээдэн тэмүүлэх бор морь, сарны цэгээн гэгээнд сүүдэр уртасган сайварлах авай…

Түмэнбаярын Бум-Эрдэнэ зохиолчийн өнөө жилийн УТГЫН ЧИМЭГТ сойсон өгүүллэг.