Нидерланд улсын Фронтклэйр байгууллага нь Валют арилжааны сан (TCX)-ийн хеджээр баталгаажсан 31 сая ам.долларын синтетик төгрөгийн хил дамнасан буцаан худалдан авах хэлцэл (репо)-ийг Төрийн банктай өнөөдөр (хоёрдугаар сарын 14) байгууллаа.

Зээлийн эрсдэл, хууль эрх зүйн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэл, түүнчлэн макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч зээлдэгчийн барьцааны үнэ цэнэ буурах эрсдэл нь Монголын банкуудад дэлхийн мөнгөний зах зээлтэй холбогдоход бэрхшээлүүд дагуулсаар байна. Энэхүү хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс дотоод валютын санхүүжилт авах боломжийг олгосон. Мөн Фронтклэйр уг хэлцлийн зохицуулалт, санхүүжилтийн бүтцийг Монголын хууль эрх зүйн болон үйл ажиллагааны тодорхой сорилтуудыг шийдвэрлэхэд тохируулж болохыг дахин харууллаа.
“Бид Фронтклэйр байгууллагатай энэхүү анхны синтетик үндэсний мөнгөн тэмдэгтийн хил дамнасан репо хэлцлийг амжилттай хийсэндээ баяртай байна. Фронтклэйр байгууллагатай 2018 оноос эхлэн хамтран ажилласнаас хойш бидний түншлэл улам бэхжиж, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлснээр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү шинэлэг хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс төгрөгийн санхүүжилт авч, хөрвөх чадварын менежментийг сайжруулах боломжийг олгосон. Энэ жишгээр дэлхийн мөнгөний зах зээлд хүрэх бололцоо олдож байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн “Төрийн банк” ХК-ний Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцоллоо.
Хэлэлцээрийн ач холбогдлын талаар Фронтклэйр байгууллагын Ахлах Дэд Ерөнхийлөгч Андрей Шинкевич “Фронтклэйр нь 2018 оноос хойш Монгол Улсад 10 гаруй репо болон своп хэлцлийг амжилттай хийсэн. Бид Евробондыг барьцаалан оффшор эх үүсвэрээр санхүүжилт болон хедж хийх замаар Төрийн банканд синтетик төгрөгийн валютыг шууд олгож, анх удаа дотоод валютын репо хэлцлийг эхлүүлж, амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. Тухайн хэлцэл нь дотоод болон оффшор барьцаа ашиглан Монголын болон дэлхийн банкууд, хеджийн үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд хил дамнасан репо хэлцэл хийх шинэ загварыг бий болгож, Монгол Улсын мөнгөний зах зээлийн цаашдын хөгжлийн жишиг болж байна” гэлээ.