“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний их хулгайч юм. Энгүй сайхан түүнд зуун зүрх дурлаж, эцэст сүүлд нь ерэн ес нь шархалдаг” хэмээн нэрт яруу найрагч Н.Нямдорж шүлэглэсэн байдаг. Сайхан бүсгүйчүүдээс үүдэлтэй “хайрын гурвалжин, дөрвөлжин” аль ч цаг үед байсаар ирсэн. Улсын драмын эрдмийн театрт тоглосон “Гоолингоо” дуулалт жүжигт ч мөн л ийм нэг хайрын тухай, түүгээр дамжуулан хүний мөн чанар гэж чухам юу байдгийг өгүүлэв.
Ардын засгийн үед өрнөж буй хайрын романс онцын сайхан Гоолингоо хүүхэнд дурласан хувилгаан лам, Дэрэм баян, цэргийн дарга гурвын тухай юм. Эрх мэдэл, эд хөрөнгө, нас, зүсээр эрс тэс гурван залууд нэг л ижил зүйл байгаа нь Гоолингоод өгсөн сэтгэл. Үзэсгэлэнт бүсгүйн хувьд харин энэ байдал илүү ярвигтай. Нэг нь Гоолингоогийн сэтгэлт залуу, нөгөө нь түүнд сэтгэлтэй хархүү, гурав дахь нь харин хөөрхий бүсгүйг богтолж гэрлэсэн баян эр. Бас гурван залуугийн хамгийн эмзэг цэг болох хайр сэтгэлийн асуудлаар дунд нь “яс хаяж” гүйдэг цэргийн даргын туслах Алтанболд гэгч зальжин хархүү.
Танил дууны нэрээ сонсоод, Монголын ард түмний сайн мэддэг “Гоолингоо”-г ямар байдлаар тайзнаа амилуулах гэж байгаа юм бол гэдэг асуулттай театрын хаалгаар орлоо. Энэ дууны домог маш олон янз байдаг. Бүр ийм хүн үнэхээр байсан эсэх нь ч эргэлзээтэй гэдэг. Тиймээс “Сэлэнгийн долгио” чуулгын ерөнхий найруулагч С.Баярсайхан энэ удаад зөвхөн “Гоолингоо” гэдэг нэрийг л зээлдэж, өөрийн зохиолоо нэрлэсэн болохоос аль нэг домгийн санаа, эсвэл түүхэн баримтад тулгуурлаагүй гэнэ.

Гоолингоогийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг бүтээсэн. Дуулалт жүжгийн зарим дууны хэсэгт түүний хоолой “өнгө алдаж”, тэрнээсээ болоод алдаагүй дуулахад хамаг анхаарал нь төвлөрч, дүрээ нэг л сайн илэрхийлэхгүй байх шиг санагдав. Ямартай ч “Гурав хоногийн бэлтгэл хангалтгүй байлаа, санасандаа хүртэл тоглож чадсангүй” хэмээсэн найруулагчийн үг ортой байх. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш уг дуулалт жүжгийн хөгжмийг үнэхээр гайхалтай бичжээ. Тэрбээр “Гоолингоо”-гийн дүр болгоны дотоод сэтгэлийг хөгжмөөр гайхалтай илэрхийлж чадсан байлаа. Энэ дуулалт жүжгийн онцлох нэг зүйл нь ардын хөгжимтэй “амьдаар” тоглосон явдал байв.
Эд хөрөнгөөрөө түрий барин, хайртай хоёрыг салгаж Гоолингоотой дэр нэгтгэсэн Дэрэн баян үзэсгэлэнт залуухан бүсгүйгээ алдахгүйн тулд бүхнийг хийхийг хүсэх нь мэдээж. Цэргийн дарга Бат-Амьдрал ч хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд эрх мэдлээ ашиглан сэтгэлт залуутай нь шоронд хүртэл хорьж, айлгаж нэг, аргадаж нэг үзнэ. Эцэст нь “Таны хайр өмссөн хувцас шигээ саарал. Гэтэл хайр бол цагаан өнгөтэй байдаг юм. Таных шиг саарал хайртай, саарал хорвоод амьдарснаас үхсэн минь дээр” гэсэн Гоолингоогийн үгэнд сая нэг сэхээ орно. Хувилгаан ламыг хань хамсаатан бүсгүйтэй нь суллаж явуулснаар өөрөө хувьсгалынхаа эсэргүү болно гэдгээ тэр сайн мэднэ. Хоёрдсон сэтгэлээ шинжин байж хийх сонголт мэдээж түүний гарт. “Яагаад заавал би л хайртай гээд хажуудаа барьж тогтоох ёстой гэж. Өөр хүнтэй жаргалтай байгааг нь хөндлөнгөөс хараад явах ч бас хайрлаж байгаагийн минь илрэл” хэмээгээд Бат-Амьдрал Гоолингоог хувилгаан ламтай нь явуулахаар шийддэг. Энэ л шийдвэрийнхээ төлөөсөнд тэр туслахынхаа бууны суманд амиа алддаг.
“Бид хүний үнэр гэж их ярьдаг. Хүн яг ямар үнэртэй байдаг юм бэ гэдгийг л жүжгээрээ харуулахыг хичээсэн. Хүмүүс ямарваа нэг шийдвэр гаргахдаа өөртөө ашигтай хувилбарыг л сонгодог. Бүр сайн найз нь, эсвэл үр хүүхэд, ойр дотныхон нь гуйсан тохиолдолд өөртөө ашигггүй байлаа ч ядаж хохиролгүй шийдвэр гаргадаг. Гэтэл ямар үнэртэй хүн өөрийнх нь аминд халтай гэдгийг мэдсээр байж зоримог шийдвэр гаргадаг юм бэ. Үнэн сэтгэлээсээ дурласан хүн л тэгнэ. Өөрөөр хэлбэл, хайр л хүнийг тийм болгодог” хэмээн Бат-Амьдралын сонголт хийгээд үхлийн тухай найруулагч нь онцолсон юм.

С.Баярсайхан найруулагчийн хэзээ хожим надад хэлсэн үг сонирхол их татсан юм. Гоолингоо гэхээр манайхан эмэгтэй хүн гэж ойлгоод байдаг нь том эндүүрэл гэнэ. Учир нь энэ бол Гау Лин Гау гэдэг хятад үгнээс гаралтай бөгөөд хайртай хүнийхээ төлөө амиа зольж чаддаг цэл залуухан эрэгтэй хүнийг хятадууд ийн нэрлэдэг байж. Тэгэхээр жинхэнэ Гоолингоо нь Бат-Амьдрал байсан аж.
2016 он