Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. 

Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив. Нийслэлийн ИТХ-ын Даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Жанцангийн Батбаясгалан гардуулан өглөө. 

Мөн Нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хишгээгийн Нямбаатарыг  дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ