“Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” гэдэг монгол ардын зүйр үг бий. Өнөө цагт энэ үгийг хаа нэг хэрэглэхдээ ихэвчлэн “хүүхэд хамгаалал”, “хүүхдийн эрх” гэсэн өрөөсгөл утгаар ашигладаг болов. Хүнээр хүн хийх арга ухаан ямар чухлыг, хүмүүжил төлөвшил хэчнээн эрхэм болохыг өнөөгийн монголчууд хэдийн умартсаны дохио энэ гэлтэй.

Үлгэрт гардаг шиг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй, олноос онцгой хүүхэд төрүүлсэн юм шиг юухан дээр ч өөрийнхийгөө үхэн хатан өмөөрдөг аав, ээжүүд хаа сайгүй болсон. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг үгийг мартаж үл болох нийгэмд амьдарч буйгаа манай эцэг, эхчүүд мэддэг л баймаар сан. Арван сар тээн, ангир уургаа хөхүүлж, үүрч дүүрч өсгөсөн үр хүүхэд гэдэг нэгэн чухаг эрдэнэ мөн боловч хүмүүжил хэмээх 1000 эрдэнийн зах зухаас ой тойнд нь суулгаж өгөөгүй аваас амьдралд гараад хойшид яах бол…

Хүүхдээ цэцэрлэгийнх нь хашаанд бие засуулж буй ээжид шаардлага тавихад “Хүүхдийн шээс юм чинь зүгээр шүү дээ. Чи юун илүү үгтэй юм” гэж өөдөөс хээв нэг үг сөрөх энүүхэнд. Тийм үг сонсож өссөн хүүхэд гудамжинд бие засах нь хэвийн үзэгдэл, тэгээд болоогүй, өөрт нь шаардлага тавьсан хүнд ингэж хэлж болдог юм байна гэсэн хандлагатай нэгэн болж өснө өө дөө. Энэ бол хүүхдээ өмөөрдөг эцэг, эхчүүдийн амиа хичээсэн үйлдлүүдийн наад зах нь. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий” гэсэн түрэмгий хандлага дэлхийн долоон тэрбум хүнтэй мөр зэрэгцэн аж төрөх хүүхдэд нь хожим яаж нөлөөлөхийг бодмоор.

БОЛОВСРОЛ Ч ҮГҮЙ, ХҮМҮҮЖИЛ Ч ҮГҮЙ БАЙЛГАХ БОДЛОГО

Хүнээр хүн хийх монгол ухаан гэр бүлийн хүрээнд алдагдсантай зэрэгцээд төрийн бодлогын түвшинд ч гээгдсэнийг эрдэмтэд сануулсаар буй. 1990-ээд оноос хойш Монголын боловсролын тогтолцоо ч зөвхөн сургалт, сургууль гэж л яриад байхаас биш хүмүүжлийн тухай ойлголтыг орхигдуулсаар ирснийг эрдэмтэн багш нар нь хүлээн зөвшөөрдөг. Сурган хүмүүжүүлэх ухаан хэмээх “өргөө гэр”-ийг тулах хоёр баганын нэгийг нь тас цавчиж хаясны улмаас өдгөө тооно нь гэдэргээ харчихсан, орчин цагийн эцэг эхчүүд, хүүхдүүд тоонон дээрээ сандайлаад дүүжин даажиндаж тоглож байна.

“Хэдэн жилийн өмнө бага ангийн сурагчдад ёс суртахууны хичээл орж байгаад больсон. Хүмүүжил, ёс суртахууны мэдлэг олгох санаа нь зөв байсан ч хөтөлбөрийн агуулга нь монгол хүүхдэд огт тохирохгүй хичээл байсан юм. Сурах бичиг нь гэхэд Солонгосын сургамжит өгүүллэгүүдээс шууд хуулбарлаж орчуулсны зэрэгцээ монгол бичгээр ганц нэг зүйр цэцэн үг оруулсан нь баахан алдаатай байсныг тухайн үед шүүмжлээд, зэмлүүлж л явлаа. Мүүнийн шашны холбогдолтой зан заншил хүүхдүүдэд зааж байна гээд нэг хэсэг шуугьсан тэр хичээл шүү дээ” хэмээн учир мэдэх эрхэм толгой сэгсрэв. Бодлого, зорилт нь хамгийн тогтвортой байх ёстой боловсролын салбар хамгийн түрүүнд “хар шуурга”-нд өртөж, жил гаруйхны дотор гурван сайдын нүүр үзсэнээс харахад улс төрийн тоглоомын гол талбар болсон гэлтэй.

Манайхны нэг хэсэг хошуураад байсан Оксфорд, Кэмбрижийн сургалтын хөтөлбөр ч үнэн хэрэгтээ Их Британийн колониудад, англи эзэндээ зарцлагдах боолуудын хэрэгцээнд зориулсан хамгийн ядмаг агуулгатай боловсролын систем гэдгийг цөөнгүй эрдэмтэн, судлаач шүүмжилдэг. Бүр “Оюуны хомсдолтой хүүхдүүд л тийм хөтөлбөрөөр хичээллэдэг байх” гэж тодотгосон юм шүү.

Өөрөөр хэлбэл, манай боловсролын тогтолцоо хүмүүжлийг нь байг гэхэд монгол хүүхдүүдийн оюуны цар хүрээ, чадамжид тохирох эрдэм мэдлэг олгоход ч анхаарахгүй байна гэсэн үг. Хүнээр хүн хийх уламжлалт арга ухааныг төр, засгийн бодлоготой хэрхэн уяж, ирээдүйн монгол иргэнийг яаж төлөвшүүлэх вэ гэдгийг бодолцож, шийдвэр гаргах учиртай хүмүүс нь дээрээ хөл, толгойгоо олохгүй байхад хүүхдүүд яах ч билээ.

ХҮҮХДИЙН МЭДЛЭГИЙГ БИШ ХҮМҮҮЖЛИЙГ НЬ ҮНЭЛДЭГ БАЙЯ

Уран зохиолын жирийн багшаас хожим Францын тэргүүн хатагтай болон дэвшсэн Брижит Троньё “Сургууль болоод багш нар хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ насан туршийн хүмүүжил төлөвшлийг өгч чадахгүй бол тэд зүгээр л жаргалтай тэнэгүүдийг бэлтгэж буй хэрэг” хэмээн саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хүмүүжилгүй, хүн шиг хүн байх тухай ойлголтгүй, ёс суртахууны ямар нэг хэм хэмжээнд хашигдаж үзээгүй, бүх ертөнц дээр ганцаараа мэт аашилдаг хүүхдүүдийг нээрээ л жаргалтай “тэнэгүүд” гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ дээ.

Өнгөн талаас нь харахад онц сурдаг, олон хэл мэддэг, олимпиадын аварга, жигтэйхэн авьяас чадвартай хүүхэд байлаа ч ах захаа мэдэхгүй, бусдыг энэрэх сэтгэлгүй бол түүнийг жинхэнэ эрдэм боловсролтой хүн гэхэд хэцүү. “Хүнээр энэ хүн хэр зэрэг вэ” гэж монголчууд нэгнээсээ асуудаг нь жирийн хэрэг яавч биш билээ. Хүний мөс чанар, жудаг ямар вэ гэдэг нь тухайн хүнийг үнэлэх хамгийн том шалгуур байж.

“Монголын уламжлалт ёс заншил, үүх түүхээ ярих хориотой байсан социализмын үед хүртэл хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд ихээхэн анхаардаг байв даа. Жишээ нь, хүүхдүүдийн сахилга батын дүн гэж гаргадаг. Сургууль болгонд хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч гэж хоёр тусдаа хүн ажилладаг. Мэдээж тэнд үзэл суртлын юм байсан ч хүнийг хүн болгоход чиглэсэн соёл, боловсрол, ёс суртахууны хүмүүжил олгосоор ирсэн. Гэтэл өнөө бид эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэрнээ ардын сурган хүмүүжүүлэх ухааны тухай ярихаа огт болив.

“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар Монголын уламжлалт ухаан ба арга билгийн үндэс сэдвийн хүрээнд иргэний боловсрол гэдэг хичээл заадаг болсон ч бидний хийж өгсөн хөтөлбөрийн дагуу явахгүй байна. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд анхаарах ганц хичээл нь энэ боловч монгол үндэсний уламжлалт мэдлэг, зан заншлын тухай заадаггүй.

Ядаж энэ хичээлээр улсын шалгалт авдаг болбол багш, сурагчид үүнийг илүү анхаарна” хэмээн Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтох ярилаа. Боловсролын хүрээлэнд 40 гаруй жил ажилласан тэрбээр “Монгол үндэсний хүмүүжүүлэн сургах ухааны нэвтэрхий толь” гаргах гэж буй бөгөөд үүгээрээ монгол хүүхдүүдэд ядаж ёсыг ёсолдог, ёрыг цээрлэдэг нүүдэлчдийн уламжлалт хорио, цээрийн тухай ойлголт өгөхийг зорьжээ.

Хүний ёс суртахууны боловсролд үнэнч шударга, даруу төлөв, хүнлэг энэрэнгүй, тусч өгөөмөр, нинжин зөөлөн сэтгэлтэй байх гэсэн таван ай сав багтдаг аж. Эдгээрээс хамгийн орхиж боломгүй чанар нь хүнлэг энэрэнгүй зан. Өнөөгийн манай ерөнхий боловсролын сургуульд 20 гаруй нэр төрлийн хичээл заадгаас хүүхдийг хүнлэг энэрэнгүй нэгэн болоход, монгол хүн болж төлөвшихөд нөлөөлөх гол хичээл нь монгол хэл, бичиг, Монголын түүх, уран зохиол.

Гэтэл хэн нэгэн сайд гарч ирээд, аль нэг хичээл нэмэх болохоороо өнөө дөрөв рүү хамгийн түрүүнд “дайрдаг” гэнэ. Жишээ нь, өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бизнесийн ухаан гэдэг хичээл ордог болсонд цөөнгүй багш, эрдэмтэн судлаач дургүйцдэг юм билээ. Монгол хүүхдүүдийг эхлээд хүн байх ухаанд сургахын оронд таван төгрөгөө яаж арав болгох, хэрхэн ашиг хонжоо олох вэ гэдэг арга заль, монжооч сэтгэлд хар багаас нь уруу татах бодлого байж таарахгүй гэдэг ортой биз.

Цэцэрлэгийн багачуудад, их, дээд сургуулийн оюутнуудад ч ёс суртахууны боловсрол, хүмүүжил, хүнлэг энэрэнгүй чанарын тухай хичээл заахад манай улс огт анхаардаггүй. Ямар сайндаа л гал, усны гашуун зовлон, газар хөдлөх аюулаас харьцангуй хол манайх шиг улсад гамшгийн эрсдэл гэдэг хичээлийг заавал нэмж оруулах шаардлага байсан, эсэхийг зарим багш, эрдэмтэд гайхдаг юм билээ. “Бие муруйгүй бол сүүдэр муруйгүй” гэдэг ардын зүйр үгийг эцэг, эхчүүд ямагт санаж, үр хүүхдээ эрхийн тэнэг болгох бус, хүмүүжил, сахилгад нь анхаарч, алдаа дутагдлыг нь засаж залруухад багштай нь илэн далангүй ярилцах хэрэгтэйг нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа гуай хэлснийг эцэст нь сануулъя.

2018 он