Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй.

Ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбарын шагналаар шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нар гардуулан өглөө.

Шагнагдсан алба хаагчдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Ойн баярын энэ өдөр эх орон, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа шилдэг алба хаагчид хийсэн бүтээснээ төр,түмэндээ үнэлүүлж салбарын шагналаар шагнуулж байгаад баяр хүргэе. Онцгой байдлын байгууллагын үнэт зүйл нь боловсрол, мэдлэг, ур чадвар, туршлагатай алба хаагчид та бүхэн юм. Засгийн газрын зүгээс гамшгаас хамгаалах арга хэмжээг чухалчлан авч үзэж, Онцгой байдлын байгууллагын салбар нэгж, төсөв, хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ирсэн. Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зэрэглэлд сүүлийн 2 жилд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2 удаа өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт оруулж, нийт алба хаагчдын цалин хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар, түүний дотор ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлсийг дунджаар 63 хувиар нэмэгдүүллээ. Мөн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчиллаа. Алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх,мерит зарчмаар томилогдох, алба хаагч бүр “мэргэжлийн” байх зэрэг хүний нөөцийн бодлогын асуудлыг байгууллагын стратеги, бодлого төлөвлөлтөд тухай бүр тусгаж улам бүр сайжруулан ажиллахад анхаарч байна.

Эх орон минь аюул, осолгүй амар тайван байж, Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь мандан бадарч байх болтугай” гэлээ.