Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

    Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.  

    Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш (2024.04.24) Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

    Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд  Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.

    Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.