Шадар сайд С.Амарсайхан онцгой байдлын албан хаагчдын хувцас, техник хэрэгслийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг мэдэгдлээ. Тэрээр энэ талаар “Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаж, шийдвэрлэгдэж байна. Тус байгууллагын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургахад чиглэсэн ажлуудыг идэвхжүүлэхээр боллоо. Онцгой байдлын байгууллагын салбарын эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн зарим орон тоо, төсвийг батлах үүргийг Сангийн сайдад өгсөн. Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт гал унтраах дрон, робот зэргийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ. Гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батална. Гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах үндэсний төв штабыг энэ жил байгуулж байна.

Өндөр барилгын галыг унтраах зориулалтын өндөр шаттай машин Монголд байхгүй. Одоогоор энэхүү техник хэрэгслийг худалдан авах тухай яригдаж байна. Харин эхний ээлжид худалдан авч нийлүүлэхээр болсон гал унтраах дрон, робот нь тодорхой хязгаарлагдмал хүрээнд л ажиллана. Жишээ нь, дроныг хүн очих боломжгүй газарт зарим хэсэгт л удирдах боломжтой тул өндөр барилгын галыг унтрааж болохгүй. Мөн адил робот алсаас удирдах гал түймрийг унтраахаас биш хүний оролцоог шууд хасагдахгүй. Түймрийн голомтод робот ажиллуулна гэж буруу ойлгож болохгүй” гэв.