Монгол Улсын мөнгөн тэмдэгт урт удаан жилийн баялаг түүхтэй. Монголчууд шиг Хүннү, Түрэг, Уйгарын үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэн, 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгө хэвлүүлж гүйлгээнд ашиглаж, Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд “Мөнгө тушаах банк” байгуулан, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулсан бахдам түүхтэй улс орон, ард түмэн тийм ч олон байхгүй.

Аливаа орны мөнгөн дэвсгэрт нь тухайн улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нүүр царай болдгоос гадна түүх, соёлын чухал өвд тооцогддог тул монгол мөнгөн тэмдэгт бусдынхаас тохой биш юм гэхэд ядаж төө өндөр баймаар. Гэтэл 1993 онд шинэчилсэн Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгт буюу өнөөгийн бидний хэрэглэж буй 11 төрлийн нэгж бүхий дэвсгэртүүдийн загвар, зураг, утга бэлгэдэл нь төдий л авцалдаагүй, гадаадад хэвлүүлэхдээ хянаагүйн улмаас 50, 100-тын дэвсгэрт дээр үхэр адууны алин нь мэдэгдэхгүй малын бөгс оруулчихсан, Сүхбаатар жанжны малгайг хүртэл жинсгүй хэвлэсэн, 10, 20 мянгат дээр Чингисийн гэзгийг ээмэг шиг харагдуулахаар хийсэн зэрэг олон алдаа мадагтай явж ирснийг хэдэн жилийн өмнө “Өнөөдөр” сонинд байхдаа хөндөн бичсэн билээ. Мөнгөн тэмдэгтийн загвар, зураг, нууцлал, утга бэлгэдлээс эхлээд дээр нь бичигдэх үг, үсэг, цэг, зураас болгоныг тухайн улсын Төвбанк нь сайтар анхаарах ёстой. Тийм ч учраас Монголбанк 100 жилийн ойгоороо алдаатай мөнгөн тэмдэгтүүдээ эхнээс нь засаж хэвлэсэн нь сайн хэрэг. 

Харин төгрөгийн зураг, загварыг шинэчлэх тухайд бүх мөнгөн тэмдэгт дээр зөвхөн Чингис хаан, Сүхбаатар жанжны зураг байгааг сольж, заримыг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн маань өнгөрсөн 6 жилд хараахан урагшилсангүй. Гэвч энэ сэдэв үе үе хөндөгддөг учраас дахин сануулъя. Тухайн үед бид Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгт дээр хэн хэний зураг байвал тохиромжтой болохыг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээс саналыг нь асууж, байр суурь авч байлаа. 

Монголчуудыг оюун санааны хөгжилд манлайлан хөтөлсөн түүхэн хүмүүсийг мөнгөн тэмдэгт дээрээ залах учиртай гэдгийг тухайлан онцолсон зочид маань Хубилай цэцэн хаан, Өндөр гэгээн Занабазар, Дорнын нэрт тоочин Мянгат, их зохиолч Д.Нацагдорж гэх мэт нэрсийг хэлцсэн мэт бүгд онцолсон юм. Японы 5000 иенийн нүүрэн талд Мэйжигийн эриний үеийн зохиолч эмэгтэй Хигүчи Ичиёогийн хөрөг, ар талд нь Эдогийн үеийн зураач Огата Коорины “Какицү бата-зү” хэмээх урлагийн бүтээл байдаг бол хамгийн том дэвсгэрт болох 10 000 иенийн нүүрэн талд нь Мэйжигийн эриний нэрт соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичигийн хөрөг, ар талд нь “Бёодо-ин” сүмийн орой дээрх галт шувууны хөшөөг дүрсэлсэн байдгийг ташрамд бас дуулгая. 

Д.Өлзийбаатар: Монголчуудыг ямархуу соёл, түүхтэй ард түмэн бэ гэдгийг гадаадын жуулчид төгрөгөөс эхэлж мэддэг

(Төрийн шагналт, түүхийн ухааны доктор)

            -Шинэ цагийн мөнгөн тэмдэгтийн алдааны тухай танай сонины нийтлэлийг уншаад “Их зөв асуудлыг хөнджээ” гэж бодогдсон шүү. Миний л хувьд монгол төгрөгийн загвар, үзэмж огт таалагддаггүй. Ямар утга агуулгатай нь ч ойлгогдохгүй адуу мал, юу нь ч мэдэгдэхгүй нэг амьтны бөгсөн бие дүрслэгдсэн учраас хүндэтгэл төрүүлдэггүй гэсэн үг л дээ. 1990-ээд онд мөнгөн дэвсгэртүүдийн загварыг шинэчлэхдээ манайхан хэтэрхий яарч сандраад, дэндүү хөнгөн хуумгай хандсан. Мөнгөн тэмдэгт бол аливаа улс орны нүүр царайг илэрхийлдэг гол зүйл. Монголд ирж байгаа гадаадын жуулчид хамгийн түрүүнд төгрөгтэй харьцдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, монголчуудыг ямархуу соёл, түүхтэй ард түмэн бэ гэдгийг тэд төгрөгөөс эхэлж мэднэ. Гэтэл манай сүүлийн үеийн мөнгөн тэмдэгтүүдийн алдаа хэрээс хэтэрсэн. Мөнгөн тэмдэгтийн загварыг шинэчилж, сайжруулах тухай яагаад хэн ч ярихгүй өдий хүрснийг үнэндээ гайхдаг. Тухайн улсын нүүр царай гэдэг утгаараа сүүлийн үед олон орон мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ оюун санааны хөгжлийг түүчээлсэн хүмүүсийнхээ дүр төрхийг мөнхөлж үлдээхийг эрхэмлэж байна.

            Манайх ч гэсэн энэ жишгийг баримтлахад гэмгүй санагддаг. Мэдээж хамгийн том буюу 20 мянгатын дэвсгэрт дээр Эзэн Чингис хаанаа дүрслэх нь зүйн хэрэг. Гэхдээ л бас бэлгэдэл, агуулгыг нь бодолцох учиртай юм. Дэлхийн хамгийн том гүрнийг удирдаж байсан гэдэг утгаар нь Хубилай цэцэн хааны хөргийг дараачийн буюу 10 мянгатын дэвсгэрт дээр мөнхлөх нь зүйтэй гэж боддог. Мөн монголчууд бид эрхзүйт төрийн засаглалаар дэлхий дахиныг элбэн тохинуулж байсны гэрч болгоод Шихихутагийн дүрийг аль нэг дэвсгэрт дээр үлдээхэд буруудахгүй л байх.

Түүнчлэн монгол туургатны суут хүмүүн, Дорнын нэрт тоочин, одон орон судлаач Мянгат гуай, хүнд бэрх цагт монголчуудын улс төрийн болон оюун санааны нэгдлийг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн Өндөр гэгээн Занабазар, ХХ зууны эхэнд Монгол орон тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад том гавьяа байгуулсан Богд хаан, шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж нарыг үндэсний мөнгөн тэмдэгтүүд дээрээ залах нь зөв юм. Хүндэтгэл, бэлгэдлээ бодоод зарим улсад Төрийн ордон, Хааны ордны зургаа тавих нь бий. Манай өмнөх 100-тын дэвсгэртийн ар дээр ч Төрийн ордны зураг байсан шүү дээ. Энэ мэтээр мөнгөн тэмдэгтийнхээ зураг, загварыг сайжруулъя гэвэл Монголд асар баян түүх, өв соёлоос гадна суут хүмүүс ч байна.

Н.Жанцанноров: Зүүн Германы мөнгөн тэмдэгт дээр алдартай хөгжимчин бүсгүйн зураг байдаг нь жирийн хэрэг биш

(Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин)

            -Монголчууд мөнгөн тэмдэгтийнхээ зураг, загварыг шинэчлэх тухай ярих цаг нь болсон гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөгийн дэлхий дахины чиг хандлага түүхэн баатрууд, гарамгай жанжид, улс төрийн удирдагчдыг тахин шүтэхээс зайлсхийдэг боллоо. Хүмүүнлэг энэрэнгүй, амар тайван нийгмийг хүн төрөлхтөн илүүтэй хүсэж байгаа учраас оюун санааны манлайлал, урлаг соёлын нөлөөллөөр дамжуулан түүнийг бий болгохыг эрмэлзэж байна. Тийм ч учраас улс орнууд мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ үүнд анхаардаг. Үүний тод жишээ нь, япончууд. Японы иен дээр зохиолч, яруу найрагч эмэгтэйчүүдээс гадна зураач, Нобелын шагналт эмч, нэрт соён гэгээрүүлэгчид гээд урлаг, соёл, утга зохиол, нийгмийн зүтгэлтнүүдийнх нь хөрөг байдаг. Зүүн Германы мөнгөн тэмдэгт дээр алдартай хөгжимчин бүсгүйн зураг байдаг байсан нь жирийн хэрэг огт биш шүү дээ. Бид ч бас орчин цагийн мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ үүнийг бодолцох учиртай. 

            Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан, дэлхийн талыг хурааж явсан Чингис хаанаа бид мэдээж хамгийн том дэвсгэрт дээрээ залж явах нь ойлгомжтой. Түүнээс гадна Өндөр гэгээн Занабазарын хөргийг 10 мянгат юм уу, 5000-тын аль нэг том дэвсгэрт дээр зайлшгүй дүрслэх ёстой гэж би боддог. Яах аргагүй Монголын том сэтгэгч шүү дээ. Өнөөдөр дэлхийд Монголоос магадгүй хамгийн их яригдаж байгаа хүн нь Занабазар байх. Түүний бүтээлүүдийн ур хийц, утга агуулга, бэлгэдэл, нууцын тухай өнөө хэр ярьж, шагшсаар л байна. Мөн ХХ зууны Монголын хөгжмийн соёлыг цоо шинэ түвшинд гаргасан дэвшлийг нь бодолцоод  агуу их хөгжмийн зохиолч С.Гончигсумлааг яагаад манай улс мөнгөн тэмдэгт дээрээ мөнхөлж болохгүй гэж. Үндэсний том сэхээтэн гэдэг талаасаа Л.Мөрдоржийнхоо хөргийг ч үлдээсэн болохоор санагддаг. Түүнчлэн орчин цагийн мөнгөн тэмдэгт дээр хөргийг нь үлдээх эмэгтэй хүнийг нэрлээч гэвэл би Н.Норовбанзадыг онцолно шүү.

            Ер нь тэгээд зөвхөн мөнгөн тэмдэгтийн шинэчлэл гэлтгүй, одон тэмдгийн асуудлыг ч хөндмөөр санагддаг. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал, Ардын жүжигчин цолоор шагнуулж байгаа хүмүүстээ аль амбасын үеийн БНМАУ-ын сүлдтэй тэмдэг өгдгөө одоо болих хэрэгтэй байгаа юм. Хэдэн төгрөг гаргаад гуулин тэмдгээ шинэчлэхэд юу нь болдоггүй юм, мэдэхгүй (инээв).

           Д.Урианхай: Монголчууд оюун санааны ийм хүчирхэг өв сантай улс гэдгийг төгрөгийн загвараар харуулах боломжтой

(Нэрт сэтгэгч, зохиолч, яруу найрагч)

            -Аливаа улс орон үндэсний мөнгөн тэмдэгтдээ жигтэйхэн ач холбогдол өгдөг юм билээ. Том, жижиг гэлтгүй бүхий л дэвсгэртийнхээ нүүрэн талд хэний ямар хөргийг дүрслэх, ар талд нь ямар утга агуулга, бэлгэдэлтэй зураг оруулах вэ гэдэг нь цаанаа маш нарийн бодлого байдаг гэдэг. 1990-ээд оноос өмнө манай улс ч мөнгөн тэмдэгтийн зураг, загварын эхийг гаргах, батлахдаа их анхаардаг байсан шүү дээ. Шинэ цагийн дэвсгэртүүдэд л харин нэлээд хайхрамжгүй ханджээ гэж анзаарагддаг. Хууль, журам нь яаж явдгийг би мэдэхгүй юм, гэхдээ төгрөгийн зураг, загварыг дахин шинэчлэх тухай яривал одоо их ул суурьтай хандах ёстой юм.

            Эзэн богд Чингис хааныгаа хамгийн том дэвсгэрт дээрээ залах нь мэдээжийн хэрэг. Түүний дараачийн дэвсгэрт дээр нь Өндөр гэгээн Занабазарын хөргийг мөнхөлбөл зүйтэй гэж бодож байна. Занабазарын тухай өнөө цагт зарим ухвар мөчид хүмүүс маш хазгай ташаа зүйл ярьж байгаа нь юм мэдэхгүй хойч үеийнхэнд буруу ойлголт төрүүлэх вий гэхээс би их эмээдэг шүү. Монголын түүхэнд, монголчуудын оюун санаанд энэ хүний оруулсан гавьяа үнэлж баршгүй их билээ. Мөн Хубилай хааны хөргийг монголчууд бид үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ заавал мөнхлөх учиртай байгаа юм даа. Түүнчлэн ЮНЕСКО-гоос суут хөгжмийн зохиолч Моцарттай хамт “Дэлхийн хүн”-ээр нэрлэсэн ноён хутагт Данзанравжаагаа манайхан мөнгөн тэмдэгт дээрээ залж болмоор л санагддаг. Эмэгтэй хүний хөрөг байж болно гэвэл Өүлэн эхийг би санал болгоно. За тэгээд, Европын маш мундаг тоочдыг бэлтгэн гаргасан, Дорнын нэрт тоочин Шарайн Мянгат болон XIII Далай ламын багш, Вангийн хүрээний том лам Дандар Аграмба, Инжинаш нарыг мөнгөн тэмдэгтдээ залчихсан байхад монголчууд бид дэлхийд арай өөрөөр харагдана даа. Монголчууд оюун санааны ийм хүчирхэг өв сан хөмрөгтэй улс гэдгийг дэлхий тэр бүрий мэдэхгүй л яваа.

2019 он