Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан 10 МВт хүчин чадалтай “Дэлгэрэх” станцыг улсын комисс (2025.02.03) хүлээн авлаа. Ингэснээр манай улсын хэмжээнд 10 дахь нарны цахилгаан станц ашиглалтад орж байна. 

“Дэлгэрэх” НЦС-ын барилга угсралтын ажил 2023 оны долоодугаар сард эхэлсэн бол өнгөрсөн оны наймдугаар сард ТБНС-тэй байнгын, зэрэгцээ ажиллагаанд оруулах техникийн комисс ажилласан юм. 

Энэхүү станц нь ашиглалтын 25 жилийн хугацаанд 415,000 МВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1230 өрхийг эрчим хүчээр хангана гэж  тооцоолжээ.

Мөн станц ашиглалтад орсноор жилд 11,102 тн нүүрс шаталтыг зогсоож, 14,760 тн нүүрсхүчлийн хий бууруулж,  145,000 тн ус хэмнэх төдийгүй байнгын 10 гаруй, түр 80 орчим ажлын байр бий болох аж.   

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ЭХЯ-ны захиалга, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Дэлгэрэх” НЦС-ыг  бүтээн байгуулсан. Тус төсөл тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, баруун бүсэд нийт 41 МВт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах зорилготой.