
Хоёр зууны тэртээд А.Аданы зохиосон “Жизель”-д ямар нууц байдаг болоод “Хэрэв би “Хунт нуур”-ыг зохиосныхоо дараа Лео Делибийн “Сильвия”, А.Аданы “Жизель”-ийн хөгжмийг ямар агуу болохыг олж мэдсэн бол өөрөөсөө ичих байлаа” хэмээн суут Чайковский дуу алдсан юм бол. Монгол “Жизель” юугаараа алдартай болоод АНУ-ын “Бостон балет” компанийн болон Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлооч Тамара Рохо, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецкий нар ягаан байшинд минь ирж гоцлохын зэрэгцээ дэлхийд зартай америк удирдаачид манай тайзнаа дохиж зогссон юм бол. Ийм л хоёр асуулт дотроо тавиад Дуурь бүжгийн эрдмийн театрыг ганц амралтын өдрөөрөө зорилоо.
УДБЭТ-ын хамт олон 2025 оны 02-р сарын тоглолтоо Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетаар эхлүүллээ. 1979 оны арванхоёрдугаар сард ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн удирдлагаар Монголын тайзнаа анх амилсан энэ бүжгэн жүжигт хамгийн түрүүнд гоцолж, түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс бол ардын жүжигчин Ю.Оюун, гавьяат жүжигчин О.Батсайхан нар. Харин 46 жилийн дараах Жизельд Гавьяат жүжигчин Б.Саруул, Соёлын тэргүүний ажилтан М.Нандинцэцэг, Албертад Соёлын тэргүүний ажилтан Х.Галтулга, Б.Дөлгөөн Ганс-д Э.Эрдэнэжаргал, П.Түвшинзаяа нар гоцоллоо.




Хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай өгүүлдэг эрт урьдын домгоос сэдэвлэн зохиосон тус балетыг анх Парисийн “Гранд опера” театрт тоглож байжээ. Жинхэнэ хайрын сэтгэл, өршөөл энэрэл, хүнлэг чанарыг дээдлэх үзэл шингэсэн болохоор “Жизель” балетын уг санаа бүхий л цаг үеийн турш хүн төрөлхтөнд чухал хэвээр байсан гэдэг нь тоглолтын эхнээс мэдрэгдэж байлаа.
Энгийн даруу хүмүүс амьдардаг бяцхан гацаанд тариачин бүсгүй Жизель орчин тойрны юм бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна. Гэвч охины хайртай Альберт Жизелийн бодож, бас харж байгаа шиг жирийн нэгэн бус, дээрх гацаанд байшин хөлсөлж амьдардаг язгууртан эрхэм билээ. Харин Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс Альбертыг тариачин хүний хувцас өмссөн язгууртан мөн гэж батлан харуулахын тулд юу ч хийхэд бэлэн байна.
Ан ав хийгээд буцаж яваа ихэс ноёд олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид зочдыг хөөр болон угтав. Энэ үед анчидтай санамсаргүй тааралдсан Альберт тэдний дунд сүйт хүүхэн Батильдагаа байгааг хараад ихэд тэвдэн сандарч, дээрх хүмүүсийг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм олсноо үзүүлж, түүнийг язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгааг илчилнэ. Жизель охин ийнхүү хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд хууртаж явснаа мэдэн гомдохын эрхээр хайр сэтгэл, итгэл, мөрөөдөл нь нуран унаж солиорно. Улмаар Жизелийн зүрхний өвчин сэдэрч амь алдахад Альберт, Ганс хоёр дэмий л нэгэн рүүгээ бурууг чихнэ. Ийнхүү нэгдүгээр бүлэг дуусахад хүмүүс хамгийн их алга ташилтыг Жизель буюу Б.Саруулд зориулж байлаа. Бүх зүйлээ алдсан өрөвдөм охины дотоод сэтгэлийг тэр эмзэг турьхан хийгээд уран гоёмсог хөдөлгөөнөөр гайхалтай илэрхийлж харуулсан учраас тэр биз.
Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар. Сарны гэрэлд сүүтгэнэх сүнснүүд гарч ирцгээв. Хуримын хувцас, цэцгэн эрхитэй тэдгээр сүнс зүрх эмтэлсэн харууслын аялгуунд аажмаар хурдлан бүжих нь мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих гэсэн мэт өрөвдөлтэй. Сүнсний хатан Жизелийн сүнсийг ч мөн цэцгээр аргадсаар өөрсөдтэйгөө нэгтгэн, шөнө бүр бүжүүлдэг болгов. Энэ үеэр ойн захирагч Ганс уй гашууд автан Жизелийн булшийг эргэхээр ирнэ. Тэрбээр өөрийнх нь буруугаас болж гэмгүй ариухан охин сэтгэлийн зовлонд унаж, амь алдсанд ихэд гэмшинэ. Харин бүжигч сүнснүүд өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар Гансыг тойрон бүчиж, эцэж цуцтал нь бүжиглүүлсээр сүүлдээ харанхуй ангал руу түлхэн амийг нь алдуулав.
Энэ хооронд “хэргийн эзэн” Альберт ч мөн хөөрхийлөлтэйгөөр амиа алдсан охины булшин дээр цэцгийн баглаатай ирж, Жизельтэй хамтдаа бүжиглэдэг байв. Охин хуучин цагаа дурсах мэт Альбертийн авчирсан цэцгийг дэлбээ бүрээр нь тасдан хайртдаа авчирч өгөх нь хүмүүний амьдралын хойд, урд насаар ч хязгаарлагдахгүй агуу хайрыг илэрхийлэх шиг. Нэг шөнө сүнснүүд Альбертыг ирэхийг мэдэн тэр даруй тойрон бүжиж эхэлнэ. Харин энэ мөчид Жизелийн сүнс гарч ирэн, өөрийгөө гарздахаас ч үл эмээх агуу хайрынхаа хүчээр сэтгэлт залуугаа догшин сүнснүүдийн хилэнгээс авардаг. Ийнхүү мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад хонх дүнгэнэхэд сүнснүүд замхрахад Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одно. Гэвч Альбертын сэтгэлд Жизель мөнхөд оршин, үхлээс ч хүчтэй хайрыг харамсалтайгаар алдсанаа санан санан харуусаж буйгаар энэ балет төгслөө.
Гаднаас нь хальт дүгнэхэд “Жизель” бүжгэн жүжиг “Хунт нуур” шиг ч юм уу, балетчинаас тийм ч их нарийн техник, өндөр ур чадвар шаардахгүй юм шиг хэрнээ жүжиглэлт, мэдрэмжийг бол харин ч нэг “нэхсэн” бүтээл санагдав. Тэгж байж л энэ сонгодог бүтээл сая нэг үзэгчдийн сэтгэл рүү өнгийн, бүр лавсан орж, хаа нэгтэй нь тухалдаг болов уу. Манай сонгодог урлагийнхан ч тийм байж чаддаг болоод үзэгчид халуун алга ташилт, “Браво” гэсэн үгээ харамгүй илгээдэг биз ээ.

Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн бөгөөд энэ балетын сэдвийн учгийг ийнхүү гаргахдаа өмнөх үеийн бүжгийн урлагийн ололт амжилтыг түшиглээд зогссонгүй романтизмын эхэн үеийн шинэчлэлтийн арга барилыг ч бас бодолцжээ. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан гэдэг. Романтизмын дүрүүдийн нэгэн адил уг бүжгэн жүжгийн гол дүрийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх боловч үзэгчдийн сэтгэл гуниг гутралд авталгүй, харин ч бодол санаа нь ариусаж, амьдралын сайн сайханд итгэх найдвараар гийн гэгээрдэг гэдэг. Тийм л учраас өшөө хорсол нүүрлэсэн энэ ертөнцийг аврах зам нь өршөөл энэрэл гэдгийг бяцхан Жизель хүмүүст зааж өгөх мэт. “Жизель” балетийн үзэл санаа, мөнхийн чанар үүнд л оршиж буй гэлтэй.




