АНУ-ын Вашингтон ДС-д зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж осолдсон хэрэг гарсан билээ.
Иргэний агаарын тээврийн онгоцонд зорчиж явсан 64 хүн болон цэргийн нисэх онгоцонд байсан гурван хүн бүгд амь үрэгдсэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байна.
Осолдсон онгоцны зорчигчдын дунд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс буцаж явсан уран гулгагчид болон тэдний хоёр орос дасгалжуулагч байсан байна.


АНУ-ын уран гулгалтын спортынхон “Бид энэхүү үгээр хэлэхийн аргагүй эмгэнэлт явдалд сэтгэл маш их өвдөж байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнтэй сэтгэл зүрхээрээ ойр байх болно” гэжээ.
Пүрэв гарагт осолдсон онгоцноос 27 хүний цогцос гарган авсан бол нисдэг тэрэгнээс нэг хүний цогцос гарган авчээ. Ойрын хугацаанд бүх хохирогчдын цогцосыг гарган авч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх болно гэдгээ албаныхан мэдээлжээ. Одоогийн байдлаар 300 орчим алба хаагч хэт хүйтэн нөхцөлд хохирогчдыг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.