Монгол Улсад төрөлт 2008 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн тухай тийм ч таатай бус мэдээгээр бид шинэ оныг угтлаа. 2024 онд улсын хэмжээнд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх жилээс 10.2%, 2020 оныхоос даруй 32% буурсан үзүүлэлт аж.

Сүүлийн 4 жилийн туршид Монгол Улсад төрөлтийн тоо хурдтай буурсаар байсан бөгөөд энэ удаад төрөлт 2008 оноос хойш тогтмол 60 мянгын босгыг давдаг байснаасаа ч доошилжээ. “Одонтой ээж”, “Цалинтай ээж”-ийн шан харамж, “хүүхдийн мөнгө” зэрэг өнөө маргаашаа аргацаасан хөшүүргүүд байгаад ч нэмэргүй, өнөөдрийн Монголд төрөлт огцом буурах болсон шалтгааныг тааж цөхөх юмгүй.

Япон, Хятад, Солонгос тэргүүтэй Азийн өндөр хөгжилтэй орнуудад хүртэл төрөлт жилээс жилд буурч байгаагийн улмаас хүн ам зүйн бодлого гажуудаж, насжилтын бүтцийн харьцаа алдагдаж, хөдөлмөрийн зах зээлд шинэ залуу боловсон хүчний хомсдол үүсэх болсон. Төрөлт энэ янзаараа буурсаар байвал Монголд ч мөн адил 2040 оноос хойш “Хүн амын цонх үе” хаагдахад хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол нүүрлэх эрсдэлтэй.  

Үүнээс гадна хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, инженерингийн шийдэл төлөвлөлтдөө ч энэ эрсдэлийг одооноос бодолцох ёстой гэдгийг Улаанбаатарт 3 дахь удаагаа ирж буй Васедагийн их сургуулийн профессор Китано Наохиро саяхан МУИС-д лекц унших үедээ сануулсан билээ. Учир нь Японд төрөлт буурч, залуусын гэрлэх нас хойшилж байгаагийн улмаас хоосон орон сууцны байшингууд, эзэнгүй амины сууцууд, хүүхэдгүй цэцэрлэгүүд Токио болон жижиг хотуудад ч хаа сайгүй бий болж, тэдгээрийг яах вэ гэдэг нь эргээд төр засгийн толгойны өвчин болж байгаа аж.   

Тиймээс тэдний “алдааг” давтахгүйн тулд гэр хорооллоосоо сална гээд чигжсэн байшин хороолол босгохын оронд  НҮСЭР БИШ ЦОМХОН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, УХААЛАГ ХОТЫГ бүсчилсэн маягаар байгуулах нь алсын хараатай шийдэл байх гэнэ. Мөн түгжрэлээ бууруулна гээд эдийн засгийн бодит тооцоолол судалгаагүй, санхүүгийн менежментийг нь хэрхэх нарийн төлөвлөлтгүйгээр метро байгуулна гэж дээгүүр сэвэх ч хэрэггүй бололтой.   

“Хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг хэрэгтэй, эмнэлгийн хүрэлцээ ч хомс” хэмээн байшин барилга нэмж барьсаар байтал хэдэн жилийн дараа хүн амын өсөлт зогсох, буурах эрсдэл байгааг үнэхээр анхаарч үзмээр болжээ. Төрөлт угаасаа буурч байгаатай зэрэгцээд ид хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны залуус эх орноо орхин, гадагшаа явсаар байгааг ч давхар бодолцоход гэмгүй.