БНСУ-ын Умард Чүнчон мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажлын айлчлал хийсэн. Харин өнөөдөр  тус хурлын Бодлого, халамжийн хорооны дарга И Сан Жон тэргүүтэй  ажлын албаны бүрэлдэхүүний зочид төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын захиргаан дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй ажлын албаныхан байлцсан юм.

Умард Чүнчон муж нь био технологи, нано технологи, батарей үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр улсдаа тэргүүлдэг. Мөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг муж юм. Уулзалтаар хоёр талын хурлын байгууллагууд Налайх дүүрэгт байгуулагдах “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс, “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНСУ-ын Умард Чүнчон мужийн ИТХ-ын Бодлого, халамжийн хорооны дарга И Сан Жон цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар дурдсан бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар идэвх зүтгэл гарган хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Парк ашиглалтад орсноор Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэж, 50 гаруй барилгын материалын үйлдвэрлэл байгуулагдаж,  10000 орчим ажлын байрыг шинээр бий болгох юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ