Өнөөдөр Төв номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа. 1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч байгаа нь энэ бөгөөд нээлтийн ёслолд Монгол Улсын  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын зарим сайд нар болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, эрдэмтэн, зохиолч, судлаачид оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.  Мөн номын санг барихад хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хэвшил, Үндэсний номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барисан юм. 

Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган ном, бүтээлийг шилжүүлж, Төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж, судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа явуулах болжээ. Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байна.  Мөн орчин үеийн ном хэвлэл бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм.

Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхимтай юм байна. Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ