Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургууль, Эдийн засаг, Бизнесийн сургууль төгсөгчдийн холбооноос жил бүр ажил олгогч болон оюутан залуусыг ажлын байранд зуучлах зорилгоор зохион байгуулдаг CAREER FAIR өдөрлөг өнөөдөр болж байна. Тус өдөрлөгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл, маркетинг, бизнесийн менежмент, худалдаа, аялал жуучлалын менежмент мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшний төгсөх ангийн оюутан, суралцагчид, профессор багш нар, төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцож байна.

Монгол Улсын Хөгжлийн банк болон охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-аас CAREER FAIR өдөрлөгт оролцож, оюутан залууст байгууллага, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, ажлын байрны бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа юм. Нээлтийн үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Анхбаяр байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулаад бодлогын банкны хувьд чадварлаг боловсон хүчинтэй хүний нөөц, хүн төвтэй бодлого хэрэгжүүлж буй талаар товч мэдээлэл өгч, Хөгжлийн банкны үүд хаалга залуу боловсон хүчний өмнө үргэлж нээлттэй байхыг дурдсан юм.

Өдөрлөгийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор Ө.Гэрэлт-Од “Бид ажил олгогч болон төгсөгчдийг холбож, хамтын ажиллагааг бий болгох, ажил олгогчдод шаардлагатай байгаа ажлын байранд оюутнуудыг зуучлах, нөгөө талаас төгсөгчдөө ажлын байртай болгох зорилгоор CAREER FAIR өдөрлөгийг зохион байгуулдаг. Жил бүр энэ үйл ажиллагаанд 30-50 орчим аж ахуйн нэгж байгууллага, 300-400 оюутан суралцагч оролцдог чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.