Хятадын олон улсын гэрээт ажилчдын холбоо болон Макаогийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээлэн хамтран зохион байгуулсан “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын дээд хэмжээний XIV форум” уулзалт 2023 оны 6-р сарын 1-ний өдөр Макаод эхлэв. Тус форумд 60 гаруй улс орны улс төр, бизнес, шинжлэх ухааны салбарын 3000 орчим төлөөлөгчид оролцож, эрчим хүч, ус хэмнэх дэд бүтэц, ногоон шилжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагаа, ухаалаг төмөр зам, шинэ эрчим хүч, шинэ материал, хүлэмжийн хий бага ялгаруулах ухаалаг шийдэл зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, санал солилцох юм.

Форум уулзалтыг нээж БНХАУ-ын Худалдааны дэд сайд Гуо Тинтин хэлсэн үгэндээ “Дэлхий олон туйлт болж, улс орнуудын эдийн засаг даяарчлагдах нь гарцаагүй юм. Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд цахим хөгжил чухал үүрэг гүйцэтгэж, олон шинэ боломжуудыг бий болгож байна. Цаашид олон улсын дэд бүтцийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд нээлттэй ил тод байж, инновацид тулгуурласан ногоон хөгжлийг дэмжих ёстой. Мөн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлах нь хамгийн чухал” хэмээн онцлов.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дүрс бичлэгээр мэндчилгээ хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын 2022 оны цахим засаглалын индексэд 18 байраар дээшилсэн. Урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд Монголын Засгийн газар эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийг дэмжих олон санал, санаачилгыг дэвшүүлээд байна. Бид шинэ технологи, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэд бүтэц, барилгын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах ба ухаалаг, ногоон санхүүгийн салбар болон дотоодын дэд бүтцийг харилцан ашигтай хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Форумын эхний хэлэлцүүлэг “Олон улсын дэд бүтцийг тогтвортой хөгжүүлэхэд ногоон хөгжлийг дэмжсэн санхүүгийн инновацийг ашиглах нь” сэдвээр явагдав. Уг хэлэлцүүлэгт Хятадын Экзим банкны дэд ерөнхийлөгч Ли Жүн, БРИКС-ийн Шинэ хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Жоу Чянву, Хятадын Харилцаа холбоо, барилгын группын туслах ерөнхий менежер Сүн Личян, Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Гуо Лэй, Стандарт Банк группын Ерөнхий менежер Жонатан Муга нар оролцож, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Дани Александр хэлэлцүүлгийг даргалж, хэлэлцүүлгийн үеэр тогтвортой ногоон хөгжил нь дэд бүтцийн ирээдүй болох талаар санал солилцож, хөрөнгө оруулалтыг хувь бол төрийн байгууллагын зүгээс хийх шаардлагатай болохыг онцоллоо. Мөн санхүүгийн салбарын инноваци, байгаль орчны асуудлаар хэлэлцэж, дэд бүтэц болон эдийн засгийн хөгжлийг тогтвортой байлгахын тулд хязгаарлагдмал нөөцийг бүрэн ашиглах ёстой гэдэгт оролцогчид санал нэгдэв.

Үдээс хойш болсон хэлэлцүүлэг “Шинжлэх ухаан, технологийн инноваци ба олон улсын ногоон дэд бүтцийг хөгжүүлэхэд цахимжуулалтыг ашиглах нь” сэдвээр болж өнгөрөв. Уг хэлэлцүүлэгт Шри Ланкын Боомт, усан тээврийн сайд Нимал Сирипала Де Сильва, Сенегалын Дэд бүтэц, зам тээвэр, бүс нутгийн хөгжлийн сайд Амадоу Мансоур Фае, Хятадын Үндэсний тоног төхөөрөмж, инженерийн корпорацийн дарга Ван Бо, Хуавэй технологи компанийн дэд ерөнхийлөгч Ма Юэ, Химийн корпорацийн ерөнхий гүйцэтгэх захирал Зэн Гуанган зэрэг албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийг Хятадын Эрчим хүчний барилгын компанийн ерөнхий эдийн засагчийн орлогч Жи Шяоён даргалан явууллаа.

Хэлэлцүүлгээр технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн шинэчлэл хурдацтай явагдаж байгааг ярилцан уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах асуудлыг хөндөж, дэд бүтцийн салбарт ногоон хөгжлийг бий болгоход цахимжилт болон ухаалаг системийг ашиглах нь чухал болох талаар оролцогчид санал солилцов.

Үдээс хойш мөн Хятад-Латин Америкийн орнуудын дэд бүтцийн хамтын ажиллагааны 9 дэх форум зохион байгуулагдсан ба Никарагуа Улсын Зам тээвэр, дэд бүтцийн сайд Оскар Сальвадор Можика Обрегон форумыг нээж үг хэлсэн юм.

Форумын эхний өдөр өндөрлөсний дараа оролцогчид Макаогийн олон улсын барилга, дэд бүтцийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг сонирхон үзсэн ба энэхүү үзэсгэлэнд 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн дэд бүтэц, барилгын орчин үеийн тоног төхөөрөмжийг танилцууллаа.