Эрх мэдлийн төлөө улстөрчид улайран тэмцэлдэж байна. Өөрсдийгөө олон нийтэд шударга зүйл хийж байгаа мэт оролдлого явуулж буй УИХ-ын гишүүд М.Энхболд гэх “дайсныг” дарж авах гэж байгаа нь гээд л сүржин мэдэгдэл хийн, янз бүрийн ааш авир гаргах ажээ.
Дээрх үйл явдалтай зэрэгцэн Төв аймгийнхан ч “Энэ хэдэн улстөрч М.Энхболдыг хүнийх нь хувьд арай дэндүүлж байна. Хэтэрхий дээрэлхээд байна” гэж ярьж байна. Мөн Төв аймгаас УИХ-д сонгогдсон А.Сүхбат, Н.Энхболд нарыг “Нэг нутаг усны хүмүүс байж, нэгнийг нь нам дамжсан улс төрийн бүлэглэлүүд буланд шахаж, дээрэлхэж байхад бүлх залгичихсан юм шиг дуугүй сууж, амиа хоохойлоод зогсохгүй эсрэг ажиллаад байх юм” хэмээн дургүйцэж эхэлсэн байна.
Бүр “Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарыг ийм хүн чанаргүй байгаагийнх нь төлөө УИХ-ын сонгуульд дахин сонгохгүй.Төв аймгийн газар нутаг дээр хөл гишгүүлэхгүй” гэж ярьж байна гэнэ. Цаашилбал, намын үнэнч гишүүд нь “Тэдэнтэй тооцоо бодох цаг нь болчихсон байна” гэж хүртэл хуучилцгааж суугаа сурагтай. Төв аймгийнхан нутгархах үзэлгүй гэдгээрээ хэзээнээсээ алдартай. Тэд, жалга дов, нэг нутаг усныхан гэж хоцрогдсон үзэл суртал огт гаргадаггүй. Гэхдээ Монгол төрд Түшээт хан аймгийнхан байх ёстой гэж үздэг. Тиймдээ ч М.Энхболдыг дэмжиж, саналаа өгдөг.
М.Энхболдыг Монгол төрийн дархан түшээ Ж.Самбуугийн хойд дүр гэж нутгийн зон олон нь ярьдаг. Тэр ч бүү хэл Төв аймгийн урд сумынхан Энхболдын аав Г.Миеэгомбыг сайн мэддэг.
Бүгд л түүний аавыг “Төлөв түвшин мундаг хүн байсан” хэмээн дурсан ярьдаг. Мөн
А.Сүхбат, Н.Энхболд нарыг М.Энхболдыг дагаж явсаар УИХ-д сонгогдсон гэж үздэг юм билээ.
Төв аймгийнхан хүний жудаг их ярьдаг, удам судрыг нь ч харах дуртай. Жишээ нь, “Манай нутгийнхан аливаа зүйлд хүний голтой, аажуу уужуухан ханддаг. Давын өмнө дав дув хийгээд байдаггүй хүмүүс” гэлцдэг. Өнгөрсөн хавар Монголын үндэсний бөхийн домог болсон Дархан аварга Ж.Мөнхбат бурхны орныг зорьсон. А.Сүхбат Мөөеө аваргын буяны ажилд оролцчихоод тэндээсээ шууд Бөхийн өргөөн дээр очиж хэрүүл тэмцэл хийсэн нь хэвлэл мэдээллээр цацагдаж байлаа. Энэ нь Төв аймгийнхан төдийгүй Монгол түмний дургүйцэл, үзэн ядалтыг төрүүлсэн үйл явдал болж өнгөрсөн. Үүнтэй ижил гэмээр нэг зүйл өдгөө өрнөж байгаа нь нэг нутгийн улстөрчийг нь хэдэн талаас нь боорлож, хувь хүнийг нь хэн дуртай нь дээрэлхэж байхад Н.Энхболд А.Сүхбат хоёрын байгааг “явуургүй байдал” хэмээн тодотгож байгаа аж. Тэднийг иймэрхүү янзтай байгаад Төв аймгийнхан дургүйцэж байна. Ямар сайндаа л энэ хоёрыг УИХ-д дахин сонгохгүй, бүр Төв аймгийн нутаг дэвсгэрт алхуулахгүй гэж ярьж байх вэ дээ
Г.МӨНХЖАРГАЛ
sonin.mn
')}