Нийслэлийн нийтийн тээврийн газраас иргэдийн саналын дагуу автобусны зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтийг 2018 оны долоодугаар сарын 1-нээс буюу ирэх Ням гарагт эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд орох өөрчлөлтүүд:

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулсан байна.

Мөн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгажээ.

Харин Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолд Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн автобусыг явуулахаар болжээ.

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” чиглэлийн автобусыг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлдэг болохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон өөрчилжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байгаа аж.

')}