Нийслэлийн Засаг дарга Хишгээгийн Нямбаатарын түрэмгий бөгөөд түргэн, түүхий шийдвэрүүдийг эсэргүүцсэн ТҮЦ эрхлэгчид өчигдөр Тусгаар тогтнолын ордны гадна хотын мээрийг огцрохыг шаардан жагслаа. Хотын захирагчийн гэнэтийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ ТҮЦ-ийнхэнд урьдчилан мэдэгдэж, хэзээ, хэрхэх талаар боломжит хувилбар санал болгоогүй, оролцоог нь хангаагүй гэсэн дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан юм. Ийнхүү бөөн зардал чирэгдэл, адал явдал болж байж “нүүдэл суудал” хийсэн ТҮЦ-үүд эхнээсээ бууриндаа буцан ирж, нийслэлийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг салаагаараа яаж гамгүй урсгадгийн нэгээхэн жишээг харуулав.   

“Төсвийн мөнгө “ёо” гэдэггүй” гэх боловч төрийн нэр барьсан дарангуйлал, эрх мэдлийн буулган дор эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрх нь зөрчигдсөн иргэд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэхэд хэн ч саад учруулах ёсгүй. “ДЦС-3”-т гарсан галын улмаас нэг хүний амь эрсдэж, галын шалтгаан нөхцөл өнөө хэр тодорхойгүй, хэн хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй алгуурлаж явтал хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахын тулд шинэ  Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн асуудлыг өөрөөсөө бултуулж холдуулчхаад “Нийслэлийн иргэдийн баяр” гээчийг энэ сарын 28-29-нд хийхээр ханцуй шамлан оржээ. Нийслэл хотынхон ирэх өвөл “мөхөөлдөс” болох эрсдэл бодитоор нүүрлэчхээд байхад дулааны станцаа хэвийн ажиллуулах, засах тухайд санаа зовнисон ганц үг ганхийхгүй атлаа Улсын баяр наадмаас илүү бай шагналтай, бийлэгжүү төсөвтэй арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна гэж даапаалах мугуйд мээрийг яах ёстой вэ.

Эрийн гурван наадам хийж, 256 бөх барилдуулж, зургаан насны морь  уралдуулах юм байх. Үндэсний их баяр наадмын бай шагналтай барьцсаных, нэртэйгээр нь улсын цол, чимэг өгвөл таарна. Жил бүрийн аравдугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн ойн өдрийг нааш татаж, “Иргэдийн баяр” болгон зургаадугаар сарын сүүлчээр хийвэл гаднын жуулчид олноор ирж сонирхоно хэмээн төлөгт нь буусан гэнэм. Жуулчдыг татах нэрийдлээр сүүлийн жилүүдэд Даншиг, Соёлын наадам, Нүүдэлчдийн наадам гэхчлэн төсвийн мөнгө “цохих” арга хэмжээ бишгүй олныг зохион байгуулав. Баяр наадам сайн хийснээрээ улс, нийслэлийн ажил урагшилдаг бол урагшлахаар л хугацаа өнгөрсөн. Улаанбаатарт хотын автозамын түгжрэл, утаа, агаар, ус, хөрсний бохирдол, үерийн эрсдэл, цахилгаан, дулааны хомсдол, явган хүний зам, ногоон байгууламж, гудамж талбайн өнөөгийн дүр төрхийг харахаар нийслэлчүүд бид элэнцэгнийх нь баяр тэмдэглэх манатай л байна шүү. Төлсөн татварын минь мөнгөөр наадам хийнэ гэж бухимдуулахгүй, тайван байлгаад өг.     

Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхээ эдлэх тухай бодох сөхөөгүй, өдөр өдрөөр бүсээ чангалж, таны дур зоргоороо тогтоосон элдэв татварын буулган дор зүдэн, чадан амьдарч байна. Үнэндээ нийслэлчүүд үхтлээ тэсэж тэвчиж байна, Х.Нямбаатар аа. Үхээгүй болохоор та даанч итгэхгүй л дээ.