Дөчин мянгат”-ын уугуул соёлоор төлөвшсөн Хотын захирагчтай байх үед европ рестораных шиг тансаг орчин бүрдүүлсэн Сүхбаатарын талбайдаа бид сонгодог хөгжмийн аялгуунд “Венийн вальс” бүжиглэдэг байлаа. Австрийн удирдаач Маттиас Флецбергер болон УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү нарын дохиураар Улсын филармонийн симфони оркестр, австри хийлч Лида Баечийн хоршил дор нийслэлчүүд Э.Бат-Үүл мээртэйгээ төв талбайд вальс эргэж асан романтик хаврыг санана уу.

Хотын соёл, гоо зүй, хөгжим урлагийн талаар наад захын ойлголтгүй,  Сонгинохайрхны сонгогчдоос өөр хүмүүсээр ажилдаа дүн тавиулж үзээгүй Х.Нямбаатар шиг Хотын захирагчтай болчхоор улсынхаа нийслэл, төв талбайгаа ямархуу дүр төрхтэй байгааг одоо нэг хар даа. Нийслэлийг удирдахаар ирэнгүүтээ түүний гаргасан “мэргэн” шийдвэрүүдийн нэг нь Сүхбаатарын талбайн урд автобусны буудал, зогсоол бий болгож, хавь орчноо хог, тоос шороогоор булах байв. Төв талбай маань энэ хавар эгээтэй л “хар зах” шиг ундуй сундуй, Сонгинохайрхны захын хорооллын гудамж талбайгаас ч долоон дор болгоотохлоо. Солонгосын шоронгийн харгалзагч шиг саарал хувцсаар имиж бүрдүүлэх болсон тэрбээр өөрийнх шигээ нүүгэлтсэн хүйтэн саарал өнгөтэй, дайн байлдаан, гамшгийн үеийн хоргодох байр шиг асар төв талбайд барьж, дотор нь юу хамаагүй хийх болов.

“UB food festival” гэж цагтаа орон орны хоолны соёлыг танилцуулдаг сонирхолтой өдөрлөг энэ талбайд зохиогддог байсан бол Нямбаатарын тооллын үед чимх будаатай хуурга, халбага гурилтай шөлний төлөөх оочер болгож утгыг нь алдуулсан. Талбайн энд тэндгүй элдэв янзын асар, шовгор босгож, худалдаа наймаа, хоол хүнс, циркийн үзүүлбэр нэртэй нүд хуурсан “халтуур”, хажуугаар нь бичил жагсаал цуглаан, мөн дугуй, скүүтэр, сурон, мопед түрээсийн үйлчилгээ битүү. Удахгүй ширээний теннис, шатрын тэмцээн хүртэл зохиогдох юм гэсэн. Хаврын улстөржилт, жагсаал цуглаанаас эмээсэндээ манай Хотын захирагч төв талбайдаа зогсоо чөлөөгүй ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг  өгснөөс зайлахгүй дэг. Дэргэдээ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөөтэй Сүхбаатарын талбайд дутуу юм гэвэл дуу хөгжим, усан оргилуур, ногоон байгууламж зэрэг амарч тухлах сонгодог орчин л байна. 1.6 сая хүн аж төрдөг метрополис хотын төв талбай шүү дээ. “Хотын соёл” гэж ихээхэн ярьсан өмнөх нэг Хотын захирагч нь усан оргилуур хийх нэрийдлээр талбайн урд талын ногоон байгууламжийг сүйдэлсэн. Гэвч одоо усан оргилуур ч үгүй, ногоон байгууламж ч үгүй болоод, хаврын хаварт “ам дөрвөлжин” хиймэл зүлэг дэвсэж аргацаадаг болсон. Дэлхийн ямар ч хот төв талбайгаа ингэж санаатайгаар гутаан, бохирдуулдаггүй билээ.