“Орфей” театрын хамт олон таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй.

Тухайлбал, Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг өнгөрсөн долоо хоногт тоглож дууссан. Тэгвэл ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт шимтэн дурлагсдад дахин хүргэхээр болжээ.

Өнгөрсөн жил нээлтээ хийсэн “1984” постдрамын жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй чадварлаг уран бүтээлчид оролцон тоглох юм. Тус театарынхан ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрам, мөн “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр саркастик мелодрам жүжгээ дахин тоглох нь.