Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” гээч тэмцээнийг Хүй долоон худагт өнгөрөгч бямба гаригт зохион байгуулав. Хаврын хахирган цагаар -4 хэмийн хүйтэн, хавсаргатай өдөр Хүй мандлын халцгай дэнжид шороо тоос маналзуулан адгуус амьтан зовоож, ийм тэмцээн хийх зорилго, ач холбогдол нь юу байсан юм бол.

Монгол түмний эртнээс улбаат адууны өв соёлоор далимдуулан амин хувийн ашиг хонжоо, алдар нэр горилогсод бишгүй болсон цаг. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөөр ирсэн өвөл, хаврын морин уралдааныг зохионо, зохиохгүй гэж хэсэгтээ талцаж байгаад орон нутагт нь эрх олгох нэрийдлээр асуудлыг намжаасан. Гэтэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Хаврын морин уралдаан биш юм гэхэд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучныг оролцуулсан “Монгол адуучин” тэмцээнийг ч болов зохион байгуулъя” гэдэг Монголын адуучдын холбооныхны хорхойссон саналыг хүлээж авсан нь өөрөө тэнэгрэл юм.

Нийслэлийн хэвлэлийн албаны мэдээллээ түгээх гол сувгийн зарлал дээр байсан шиг есөн дүүрэг тус бүрээс адуучид лав ирээгүй шүү. Угаасаа Баянгол, Сүхбаатар, Чингэлтэйд ямар л адуу байх вэ дээ. Тэгээд ч нийслэл Улаанбаатар хотын ойр орчимд адуу мал байлгахыг хориглосон НИТХ-ын тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжсэн хэвээр байгааг сануулъя.

Зуны дэлгэр цагт хүн, малын зоо тэнийхээр зүлэг ногоон дэвжээнд монгол адуучид морио уралдуулна уу, уурга, ташуураа шүүрнэ үү, эмнэг хангалаа булгиулна уу, бугуйлдана уу, уургална уу хэнд хамаа байх вэ. Гагцхүү хаврын хавсарганаар ташаан толгой нь янхийсан, шар үснээсээ салаагүй морьдоор ийм тэмцээн хийхээр чинь монгол адуу, адуучин хоёрын ид хавыг гайхах бус, эсрэгээрээ яс хавталзаад байх юм билээ. Ямар ч гоо зүйн таашаалгүй.

“Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой” гээд сүржигнээд байсан, тэр нь бүр ч хошин шог.

Бас болоогүй, “Сайхан наадамчин” шалгаруулав. Хаврын салхи хавирга нэвтийг мэддэг манайхан тэр жихүүнд юу байгаагаа давхарлаж өмсөхийг л бодохоос биш юуных нь “Сайхан наадамчин” төрөлд оролцъё, өрсөлдье гэж санах. Гэвч шагналт уралдаан юм болохоор эзэд тодорсоон. Иймэрхүү янзаар Хүй долоон худагт нэг өдөр “наадахад” төсвөөс хэдэн төгрөг гарсныг харин асуумаар санагдсан шүү.