Бид эмэгтэй хүн. Хэн нэгнийг хайрлах гэж, хэн нэгнээр хайрлуулах гэж ирсэн хайрын эрэлчид. Энэ уг нь ойлгоход тийм айхтар хэцүү, нарийн түвэгтэй зүйл биш. Харин эрчүүд ихэнхдээ “Учир нь ойлгогдохгүй хэцүү хүмүүс” гэж биднийг тодорхойлдог нь жигтэй. Тэгэх тусам нь бүр ч учир битүүлэг зан гаргаад, адраад баймаар санагдах үе цөөнгүй. Яаж ч цамналаа гээд эцсийн эцэст эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн.
Аргыг нь олоод, ая донжийг нь тааруулаад хайрын дээдээр хайрлаж чадвал эмэгтэй хүн хамгийн сайхан, хамгийн сэтгэл татам, хамгийн үнэнч, хамгийн урт наст цэцэг байсаар л байна. Санаанд оромгүй өчүүхэн зүйл ч бүсгүй хүнийг нулимстай инээлгээд тайтгаруулж орхидог хойно.
Хавар шиг эмзэг, намар шиг ихэмсэг бидний л ертөнцийн сэтгэлийн байгаль. Хааяа хүссэн ч, эс хүссэн ч эрчүүдийн аясаар өнгөө хувирган, улирлаа өөрчилдөг гэнэхэн.
Ердөө л хайрлахын төлөө, хайрлуулахын тулд шүү дээ. Хайрын төлөө сэтгэлээ хэдэнтээ эмтэлж, зүрхээ олонтаа сийчүүлдэг эмэгтэйчүүдийг мөнөөх хайр нь ихэнхдээ сул дорой болгодог шиг.
Ийм л үед хэн ч итгэхгүй үлгэр зохиож, төгсгөлд нь өөртөө зориулан алга ташимаар, хэнд ч итгэхгүй аж төрж, эцэст нь өрөөлийн төлөө ганц хундага дарс тогтоомоор санагдах.
Бас хэн рүү ч очиж болох, хэдийд ч буцаж мэдэх, хэнийг ч орхиж болох, хэзээ ч эргэж ирж чадах өөрийн гэж дархалсан тунгалаг эрх чөлөөг хүсэх. Ай, таалал минь. Тайрах тусам ургах тас хар хүсэл минь.
Л.Аргамжин