“Рио-2016” паралимпийн наадамд пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээг угтахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гарагийн шөнө олон хүн цугласны дотор монгол дээл, хантааз, ноёны малгайтай, арав орчим насны хүү бусдын анхаарлыг эрхгүй татаж байв. Аавыгаа угтахаар цагаан цэцгийн баглаатай ирсэн С.Цэндхорол хүү нисэхийн хоёрдугаар давхрын зочид угтах хэсгийн шилэн хаалгыг тэвчээртэй нь аргагүй ширтэн зогссоор л. Тэр хаалгаар хамгийн түрүүнд гарч ирсэн хүн бол Э.Содномпилжээ байлаа. Үрдээ яарсан эцгийн том том алхаа, өөдөөс нь тэмүүлэн, энгэрт нь ноцох хүүгийн үйлдлийг тэрхэн зуур амжиж гэрэл зургийн хальснаа гүйцэд буулгах боломж үгүй мэт. Тийм их тэмүүлэл, ийм их хайр… 

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооныхноос эхлээд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Ард” санхүүгийн нэгдэл, “Голден жим” фитнесс клубийнхэн болоод гэр бүлийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд нь олимпын баатраа угтахаар онгоцны буудалд ирээд байхад нь хүндэт зочноо тэднээс “оргуулан” ярилцлага авахаар Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ыг зорилоо. Тэгсэн олимпын баатрыг маань гэрт нь бас нэгэн хүндтэй хүн хүлээж байж. Э.Содномпилжээ, А.Тунгалаг нар энэ жил улсын наадмаар буюу долдугаар сарын 11-нд охинтой болж, аав нь шинэ хүндээ Бүтэнзаяа хэмээх сайхан нэр хайрлажээ. “Нялх охиноо үүр шөнөөр үнсэж сэрээгээд яах вэ, уйлаад эхэлбэл хэцүү” гээд тэрбээр өлгийтэй маамуудаа хошуу хүргэсэнгүй.

“Хүүгээ ийш тийшээ тэмцээнд яваад ирэхэд би чаддагаар нь буузаа хийгээд, сүүтэй цайгаа чанаад л хүлээж байдаг хүн дээ” хэмээн онгоцны буудал дээр хуучилж байсан Н.Амаржаргал гуай нээрээ л гарынхаа буузаар гэрт нь цугласан зочдыг дайлав. Энэ шөнө ач хүүгээсээ ч илүү догдолж, сандарч байсан хүн бол гарцаагүй тэр юм. Хүүдээ барих гэсэн хадаг, мөнгөн аягатай сүүгээ үймсэн олны дунд цалгиаж асгах вий, бас сэтгүүлч, зураглаачдын ажилд саад болох вий гэсэндээ Н.Амаржаргал гуай тэнд хэрэндээ тэвдэж харагдана лээ.

“Хүнд хар төмөр хүүгийн минь дээрээс уначихвал яана гэж айгаад  тэмцээнийг нь үздэггүй”

Энэ үеэр “Рио-2016” паралимпийн наадмын тухай яриа хөөрөө гэрт өрнөлөө. Э.Содномпилжээг “Мөнгөн медалийн үзүүрээс атгаад л алдлаа даа. Олимпын шүүлт бол олимпын шүүлт л байдаг юм байна” гэхэд Н.Амаржаргал гуай “Миний хүүг сүүлийн 217 кг-ын захиалгаа өргөсөн гэдгийг монголчууд мэдэж байгаа. Бразилын тамирчныг дээш нь гаргахын тулд Содкогийн энэ өргөлтийг шүүгч тооцсонгүй хэмээн сэтгүүлчид ч телевизээр ярьсан, олон нийт ч фэйсбүүкээр тэгж бичсэн байна лээ” гэв. Тэрбээр хүүгээсээ болоод нүүр номын идэвхтэй “ажилтан” болсон бөгөөд фэйсбүүкт “Содкогийн ээж нь” гэсэн хаягтай юм билээ. Сая л гэхэд хүүгээ олимпын хүрэл медаль хүртсэний дараа “Миний хүү хүслээ биелүүлж чадлаа. Ээж нь их баяртай байна” хэмээн фэйсбүүкээр дамжуулан баяр хүргэжээ. Хүнд хар төмөр хүүгийн минь дээрээс уначихвал яана гэхээс айгаад тэрбээр тэмцээнийг нь өөрөө үзэж чаддаггүй бөгөөд нагац эгчийнх нь хүүхэд, ач хүү хоёр нь түүнд мэдээллийг маш шуурхай дамжуулдаг гэсэн. Нэг удаа пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн үзэх гэж очсон биш зүрхээр нь хатгуулаад сандаргасан гэхээр эхийн сэтгэл үрийнхээ төлөө яаж шаналдгийн илрэл биз.

Монголын пауэрлифтингийн тамирчдын түүхэнд олимпын анхны медалийг эх орондоо авчирсан ОУХМ Э.Содномпилжээгээр ойр дотныхон нь бахархан “Бусдыг олимпын медаль авахыг хараад баярлаж байснаас биш өөрсдөө ингээд медалийг нь барьж үзнэ чинээ санасангүй” гэлцэж байв. 475 грамм зэс, 25 грамм цайраар хийсэн гэх хүрэл медалийг барьж үзтэл хүнд ч гэж айхтар, бас дотор нь ямар нэгэн юм шаржигнаж дуугараад байв. Энэ л паралимпийн медалийн онцлог гэнэ.  Харааны, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулан, үгийг нь давхар брайль үсгээр бичихийн зэрэгцээ шажигнаж дуугардаг байхаар эх загварыг нь хийдэг аж.   

Спорттой холбогдсон түүх

Нийслэлийн есдүгээр сургуулийг хамт төгссөн ангийн охиных нь хэлснээр Э.Содномпилжээ багадаа “Би Брюс Ли байна” хэмээн ширээ тойрон гүйдэг сахилгагүй хүү байжээ. Гэтэл тэр хүү зургадугаар ангидаа гэнэт ясны хорт хавдар тусаж, хөлөө тайруулах юм чинээ хэн санах билээ. Зүв зүгээр эрүүл саруул гүйж явсан ганц хүү нь хөлөө тайруулж, зургаан сарын настай гэгдэн эмнэлгээс гарахад  Н.Амаржаргал гуайд ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан гэдэг.  “Тухайн үед би үхэхээс өөр зүйл бодох сөхөөгүй байсан. Харин тэгэхэд нэг дүү маань “Та хүүгийнхээ өмнө ороод үхчихвэл энэ хүүхдийн ирээдүй яах юм бэ. Та харин ч хүүгийнхээ төлөө тэвчээртэй байх хэрэгтэй” гэхэд нь би бүгдийг ойлгосон. Тэгээд зүтгэсэн дээ. Ээж, хүү хоёр төрөхөөс үхэх хүртлээ хамт явах учиртай юм байна” гэх ээжийн үг сэтгэл уярам.

Н.Амаржаргал гуай тухайн үед Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан учраас Э.Содномпилжээ ээжийгээ дагаад хааяа ажил дээр нь очдог байж. Нэг өдөр Офицеруудын ордны хажуугийн цэцэрлэгт түүнийг явж байтал суга таягтай эмэгтэй бэлтгэл хийж байснаа “Миний дүү спортоор хичээллэ. Суга таягтай хүмүүс хичээллэхэд их тохиромжтой пауэрлифтингийн спорт гэж бий” хэмээн зөвлөжээ. Ийнхүү 2000 оноос хойш Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн бөгөөд жилийн дараа Бүх ард түмний спартакиадын 48 кг-ын жинд эрүүл тамирчидтай өрсөлдөн аварга болсон нь түүний амжилтын түүчээ байж. Гэвч дунд нь түүний багш гадаадад амьдрахаар явсан тул багагүй хугацаанд спортоосоо хөндийрсний эцэст 2009 оноос дахин хичээллэж эхэлжээ.

Э.Содномпилжээ Монголдоо байнга эрүүл тамирчидтай өрсөлддөг. Тэгсэн хэрнээ л улсын найман удаагийн аварга, пауэрлифтингээр Монголын рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоогоод буй тамирчин. Өдгөө тэрбээр ДАШТ-ий VII байр, Дэлхийн цомын тэмцээний хошой мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хүрэл медаль гэхчлэн Монголын пауэрлифтингийн тамирчдын түүхэнд олон анхдагч амжилтын эзэн.

Их замын дундах саад бэрхшээлүүд

Түүнийг өнөөгийн амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлж, урам өгсөн тэмцээн нь 2013 оны Азийн АШТ гэдэг. Гэхдээ зам нь тийм ч дардан байсангүй. Азийн аваргад оролцох гэтэл зардал мөнгөгүйн улмаас яахаа мэдэхгүй байхад нь “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тусалж, түүний амьдралд том тус хүргэжээ. Арай гэж өөрийнхөө зардлыг олоод, багшгүйгээр яваад очтол Э.Содномпилжээг дасгалжуулагчгүй гээд 80 кг-ын жингийн тэмцээнээс нь хасчихаж. Тэгэхээр нь Монголоос ССАЖЯ-ны мэргэжилтнээр яриулж байж, 100 еврогийн торгууль төлсний эцэст 88 кг-ын жинд оролцон, V байрт шалгарсан түүхтэй. Дараа жил нь буюу 2014 оны ДАШТ-д оролцохдоо мөн л багшийнхаа зардлыг хэрхэн олох вэ гэж толгойгоо багагүй гашилгасан гэдэг. Эцэст нь тэр тэмцээнд VII байрт шалгарснаар энэ спортоор Монгол Улсын түүхэнд анх удаа олимпын эрх авчирч байв. Харин олимпын эрх авчирсан тамирчнаа шигшээ багт авах тушаал нь яагаад ч юм гарч өгөхгүй байсаар 2014 оны Инчоны Азийн наадамд оролцуулж байжээ. Монголоос нисэхэд нь “Чамайг шигшээ багт авах тушаал гарч байгаа” гэсэн ч Азийн наадмаас хүрэл медаль аваад ирэхэд нь өнөөх тушаал гараагүй л байсан гэхээр манайхны зарим албан тушаалтан ямар хүнд сурталтайг илтгэх жишээ энэ гэлтэй. Гэхдээ тэр ямар ч нөхцөлд шантарч, бууж өгөлгүй бэлтгэл сургуулилалтаа хийж ирснийхээ үр дүнг өдгөө үзэж байна. 

“Шигшээ багт орчихоор амьдралд их дэмтэй юм билээ. Гэхдээ л манай спорт зардал өндөртэй. 500 мянган төгрөгийн цалингаар бэлтгэл сургуулилалтаа хийгээд, ар гэрээ авч явах ямар ч боломжгүй. Тиймээс намайг ойлгож, дэмжиж тусалдаг ШШГЕГ, “Ард” санхүүгийн нэгдэл, “Монгол шуудан” компанийн хамт олон болон шигшээ багийнхан, Ш.Энхсайхан багшдаа баярлаж явдгаа илэрхийлье” гэсэн талархлыг нь энэ дашрамд дамжуулъя. 

“Дараагийн зорилго маань ДАШТ, тэгээд Токиогийн олимп”

Амьдрал түүнийг олон зүйл дээр сорьсон боловч Э.Содномпилжээ алин дээр нь ч бууж өгсөнгүй. Суга таягтай дунд сургуулиа төгсөж, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэн, өдгөө “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогчоор ажилладаг. Олимпын бэлтгэл сургуулилалт гээд одоохондоо түр чөлөөтэй байгаа гэсэн. Ердөө сарын өмнө 31 нас хүрсэн түүний өмнө одоо шинэ зорилгууд гарч иржээ. Түүний тамирчны намтарт одоо ДАШТ-ий медаль л дутуу байгаа. Тэр медалийг хүзүүндээ зүүхийн төлөө удахгүй бэлтгэлдээ гарна гэж байна лээ. Дараагийн томоохон зорилго нь олимпын медалийн өнгөө 2020 онд Токиод хувиргах. Үүний тулд бэлтгэлдээ техникийн зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй болов уу. Жишээ нь, Монголд пара тамирчдад зориулсан вандан байдаггүй учраас Э.Содномпилжээ эрүүл тамирчдын бэлтгэл хийдэг вандан дээр сургуулилалтаа базаадаг байж. Гэтэл олон улсын тэмцээн уралдаанд оролцоход дандаа пара тамирчдад зориулсан вандан дээр өргөлтөө гүйцэтгэдэг аж. Техникийн энэ ялгаа сая олимпын үеэр анзаарагдсаныг тэрбээр хэлж байв.

            Уг нь тэрбээр багштайгаа Монголд бэлтгэл хийхдээ тогтмол 230 кг-ыг цээжин дээрээ шахаж байжээ. Тэр хэмжээндээ өргөсөн бол сая олимпын аварга болоод зогсохгүй, паралимпийн рекордыг монгол хүн эзэмших бүрэн боломжтой байсан гэнэ. Учир нь “Рио-2016” паралимпийн наадамд пауэрлифтингийн 88 кг-ын жинд алтан медаль хүртсэн Арабын нэгдсэн Эмиратын тамирчин 220 кг-ыг өргөсөн юм.

                                                                                                                        2016 он