Сүслэн залбирдаг алгаа харуулаач, найрагч аа. Сүү шиг сэтгэлийн тольтноо ямар үйл томоостой байдгийг ажиж нэг тайтгаръя байз.

          Шүлэг хэлдэг уруулаа будаггүй чигээр нь ганц үзүүлээч. Шүүрс алдам гал улаан өнгөнд төөрч, орчлонгийн явдлыг огоорохоосоо өмнө үнэний гоо сайхныг үзэж шимтмээр байна.

          Шүүдэр туучиж өссөн өлмийнөөс тань адис авахыг зөвшөөрөөч. Шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгвөл нэг шөнө босож хөхүүлснийх нь ачийг хариулдаг тухай домог ярианд хэчнээн үрс итгэж, үүр цүүрээр хөндий алдлан тонголзож явсныг элбэрэл хайрын хүч хэмээн дэлхийгээр нэг зарлавал болох уу.      

          Үгийн зохицолт сайханд үйлийн үргүй баясан дурладаг мэлмийн мэдрэмжээр тань хорвоог нэг тольдох сон. Ямар үгийн үзүүрт “мэсээр” хүмүүс биенээ эдгэршгүй шархтай болтол нь зүсэн сийчдэг, басхүү ямар үгийн гэрэлт увдисаар хүмүүс нэгнээ үхлийн харанхуй хонгилоос татан гаргадагийг   хуваалцаач. 

          Өөлөхийн аргагүй тунгалаг сайхан нүднээс тань хэдийд, ямар нулимс унадаг вэ. Жинхэнэ найрагчийн яруу тунгалаг нулимсаар хүний сэтгэлийн хирийг угаавал арилах болов уу. 

          Өндрийн салхинд цуцалтгүй дүүлж явдаг даль жигүүрийн тань хүчийг өвгөн болжморт ганцхан өдөр зээлдүүлж үзэх сэн, “бүргэд” минь. “Тэнгэрийн амьтан тэнгэртээ эзэн, газрын амьтан газартаа эзэн” гэдгийг хожуу ч болов түүнд ойлгуулж, бүргэдийн хүчтэй, шонхрын зоригтой болох мөрөөдөл нь биелээгүй гээд амьдрал нь дэмий хоосон өнгөрөөгүйг ухааруулдаг бол сайхан аа.