Үрчлээ гэгчийн тухай бодлыг тархи оюундаа оруулах завгүй бардамхан гүйж явсан хориодхон нас минь дахиж хэчнээн хүсээд ч түүгээр дайрахгүй түрүүчийн зогсоол дээр үлдсэн. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй, нэг өдөр л нүдний доогуур хялгасан үрчлээ суусныг анзаарч, зогтусан цочсон сон. Тэгэхэд л эмээгийн хэлээд байдаг “Залуу байхад нас гоёл, өтөлсөн хойно хувцас гоёл. Хүн хөгшрөхөөрөө залуугийн үлгэрээ ураад хаячихсан юм шиг болох юм даа” гэдэг үгийг анх удаа  нухацтай бодоход хүрч билээ. Түүнээс хойш нуруу нь бөгтийн, хуруу нь мойнийж, нүд нь ус гүйж цэлхийсэн, нүүрэнд нь хоосон зай жаахныг ч үлдээлгүй бүгдийг нь үрчлээ “эзэгнэсэн” хөгшид жаргаж буй наран зүг саравчилж суухыг хараад, түүний  элж өнгөрөөсөн цаг хугацаа миний ирээдүй болон айлсаж явааг анзаарах сөхөөтэй болсон доо. Тэгээд ч тэр юм уу, одоо би инээвхийлэх төдийд нүдний доор тодордог зурвасхан үрчлээг толинд харахдаа “яана аа” гэж дуу алдахгүйг хичээх болов.

Энхэл донхол дундуур эргэлдэж мөлийн хяхтнах хуучин тэрэгний дугуй шиг, амьдралын мөчлөг бүрийн зовлон, жаргалын хооронд элэгдэж хэлтрэх бидний төрх. Хэнийг ч тойрдоггүй, хэнийг ч өршөөдөггүй, хэнийг ч ялгадаггүй. Орчлонгийн энэ хатуу жамын эсрэг сөрөөд нэмэргүй учраас эвлэрсэн гэх үү дээ. Амьдралын намтар зузаарч, нас явах тусам цоожтой авдар дотор хадгалж нуусан юм шиг бидний сэтгэл доторх зовлон, гунигийн шарх нүүрэнд үрчлээ болон аниж тогтсоор л байх болно. Тиймээс цаашид би зовхины үрчлээндээ бус зүрх сэтгэлд минь хэр зэрэг үрчлээ сууж байгаад л санаа тавихаар шийдсэн. Энэ үрчлээ бол хорвоогийн жамаас өөр. Учир нь сэтгэлээ үрчлээтүүлэхгүй байх, эсэх сонголт бидэнд хэзээд байдаг. Бас бага зэргийн үрчлээ суугаад эхэлснийг нь анзаарвал түүнтэй тэмцэх хүч тэнхээ, боломж байгаа учраас тэр. Ерөөс сэтгэлийн үрчлээнд цаг хугацаа үйлчилдэггүй билээ.