“ШИНИЙГ САНААЧЛАГЧ-БҮТЭЭЛЧ АХЛАГЧ” УРАЛДААНД АЛБА ХААГЧДЫН 8 БҮТЭЭЛ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн техникч, ахлах ахлагч Э.Байгалмаа, нярав, ахлах ахлагч Д.Пагмадулам нар “Мөнгөн усны ослын голомтод ажиллах иж бүрдэл”, НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч”, Говьсүмбэр аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Жамбалсүрэн “Хамгаалалтын тусгай зориулалтын хувцас хэрэгслийг түргэн хатаах төхөөрөмж”, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөн “Хийгээр хоолой шалгах төхөөрөмж”, мөн газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Рысбек “Автомашины гал түймрийг унтраах зориулалттай Below-R хошуу”, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч М.Гансүрэн, жолооч, дэд ахлагч Ц.Батхишиг нар “Өвсний гал унтраах хошуу”, “Хорио цээрийн үед автомашин ариутгах зөөврийн хошуу”, “Завины сэнсний хамгаалалт, мотор зөөвөрлөх хэрэгсэл” бүтээлүүдээр тус тус оролцлоо.
Уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нар 30 гаруй бүтээлийг ирүүлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж байгаагийн зэрэгцээ ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд үзэж сонирхсон юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтын үеэр энэхүү уралдаанд оролцсон ахлагч нарын шинэ санаачилга, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулж, олон нийтэд сурталчлан таниулна.
Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү