“Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо.
Нийт 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төслийн 21.9 сая ам.долларыг улсын төсвөөс, 60 сая ам.доллар буюу 420 сая юанийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэрээний дагуу санхүүжүүлсэн.
Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрбээр зүүн бүсийн хөгжил, тэр дундаа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл болсныг энэ үеэр онцлов. Мөн цар тахал, геополитикийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдалд бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүл, ашиглалтад оруулж чадсаныг тодотгоод энэ бүх хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан төр, хувийн хэвшил, инженер техникийн ажилчдад талархал илэрхийллээ.
Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг мөн хэлсэн.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөснөөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.
Түүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангана.
Мөн Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөж, ажлын байр шинээр нэмэгдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.
- Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:
- Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
- Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
- Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
- 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.