Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы 2023.11.23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална. Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой оновчтой хослуулан хэрэгжүүлнэ.  

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангана. Банкнуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлүүдийг дотооддоо үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Банкнаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, түүний бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэнэ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институтийг бэхжүүлэх хүрээнд хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Их өгөгдлийн хүрээнд ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжин ажиллана. Тогтвортой хөгжлийн зорилтын таксономид органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой тусгаж, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл, санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулан ногоон, тогтвортой зээл гаргадаг болох чиглэлээр санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Олон нийтийн санхүү, эдийн засгийн талаарх боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ. Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Түүнчлэн, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын дагуу Орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд тус тус даалгав.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү