МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 

Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, канадын талаас тус улсын Гадаад хэргийн Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп нар даргалж оролцов.

Дугуй ширээний уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа болон хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.  Уулзалтын үеэр мөн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар канадын талд танилцуулж, тус улсын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцлоо.

Уулзалтад холбогдох яамд, байгууллагын төлөөлөл оролцож, талууд салбар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан болно.

Дугуй ширээний уулзалт нь манай хоёр улсын хоёр талт яриа хэлэлцээний үндсэн механизм бөгөөд үүнээс гадна Монгол, Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны хурал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, Гадаад бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг хамтран зохион байгуулдаг болно.

Өнгөрсөн онд Монгол Улс, Канад Улс хоорондын худалдааны эргэлт 23.3 сая ам.доллар байсан бөгөөд энэ оны эхний 9 сарын байдлаар 26,8 сая ам.долларт хүрч өсөв. Канад Улсаас Монгол Улсад 1990 оноос хойш нийт 10.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, худалдаа, нийтийн хоол, банк санхүүгийн үйл ажиллагаа болон бусад салбарт хийсэн байна.  Канад Улс нь Хойд Америкийн орнуудаас Монгол Улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү