НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ ХОЁР ДАХЬ СОНСГОЛД НИЙТ 106 ХҮНИЙГ ГЭРЧЭЭР ДУУДЖЭЭ

УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-ын хоёр дахь хэсгийг 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн сонсголоор МУХБ-ны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн болон МУХБ-ны охин компани “Ди Би Эм Лизинг” ХХК-аас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 59 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.

2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг хэлэлцэнэ. Тухайлбал, хоёр дахь өдрийн сонсголд Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ-НХОГ, ЭЗХЯ-НЗДТГ Гудамж төсөл, НЗДТГ-НАЗХГ, БСШУСЯ, Гаалийн ерөнхий газар, Шадар сайд, Сангийн яам зэрэг байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой 11 хүнийг гэрчээр дуудсан байна. Мөн гурав дахь өдрийн сонсголд ХХААХҮЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам тээвэр хөгжлийн яам “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой зээлийн асуудлаар 36 хүнийг гэрчээр оролцуулахаар болсон тухай УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээллээ.

“Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-ын эхний шат Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлт, мэдээллийг сонсох сэдвийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 16-20-ны хооронд болж, өндөрлөсөн. Төгсгөлийн шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-нд болно. Энэ сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах юм.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү