Монгол Улсын Боловсролын Их сургуулийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орж, өнөөдөр /2019.02.25/ нээлтээ хийлээ. 2018 оны 7 дугаар сард шаваа тавьсан тус таван давхар барилга ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй м2 талбай нэмэгдэж байна.
Монгол Улсад дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг 1962 онд Багшийн сургуульд нээж, 1992 оныг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 700 гаруй багш бэлтгэсэн байдаг. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл бий. Сүүлийн 20 иод жил тасалдсан мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги хичээлийн шинэ байранд хичээллэх юм.
Шинэ сургуулийг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Манай улс эдийн засгийн хямралаас илүүтэй ёс суртахууны хямралд ороод байна. Бүүвэйн дуу анхлан сонсдог хүүхэд А үсэг заалгахаас өмнө урлагаар, дуу хөгжмөөр дамжуулан хүмүүжиж, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай хүн болон төлөвшдөг. Эх орондоо хайртай хүмүүнлэг иргэн бэлтгэхэд хамгийн том үүргийг хөгжмийн багш нар гүйцэтгэдэг. Энэ нэн чухал мэргэжлийн анги дахин сэргэж байгаад баяртай байна. БСШУСЯ-наас зарласан нэн шаардлагатай мэргэжлийн нэг нь дуу хөгжмийн багш. Тиймээс энэ сургуулийг төгссөн хүн бүр 100 хувь ажлын байраар хангагдана. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү эрдмийн өргөөнд суралцагчдын дотроос улс эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд олон арваараа төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Багшийн сургуулийн дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг Соёлын Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Жанчив, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Шарав, Г.Равдан нарын олон алдартнууд төгссөн байдаг.
Тус өргөтгөлийн барилгад Монгол улсын боловсролын ууган сургууль болох Багшийн сургуулийн Урлагийн тэнхимийн багш, оюутнууд болон МУБИС-ийн харьяанд үүсэн байгуулагдаад удаагүй ч өргөжин тэлж буй ЕБС-ийн шинэ анги хичээллэнэ.