Харсан хүн бүрийг инээлгэдэг алдарт жүжигчин Робин Уилльямсын амьдрал тоглосон кино шигээ, эсвэл олны төсөөлж боддогчлон сайхан биш байсныг түүнийг харамсалтайгаар нас барсны дараа дэлхий даяараа мэдсэн билээ. Амиа хорлож энэ хорвоог өөрийн хүслээр орхисон алдарт жүжигчинд амьдралаа дуусгах шалтгаан байсан гэдгийг бэлэвсэрч үлдсэн эхнэр нь “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө анх удаа дэлгэжээ.
Нөхрөө нас барснаас хойш анх удаа телевизэд ярилцлага өгсөн Сюзан Шнайдерын ярьснаар Робин Уилльямсын амьдралын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ. 2014 оны наймдугаар сарын 11-нд Робин Уилльямс гэртээ өөрийгөө дүүжилж амиа егүүтгэжээ гэсэн мэдээ тарж, дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид цочирдон хүлээн авсан. Энэ хүртэл түүний амьдралд чухам юу тохиолдсоныг олон нийт мэдээгүй юм. Тэгвэл тэр өдрөөс гурван сарын өмнө Робин Уилльямс Паркинсоны өвчтэй гэдэг нь оношлогдоод байжээ.
Эх сурвалж: