Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л. Чинбат нар мэдээлэл хийлээ

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө 2018 оны 4 дүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар Монгол бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм.

Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х. Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л. Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит V Их эеийг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эед төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн 3 дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсгээс Ээлжит V их эеийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан боловч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул ээлжит V Их эеийг хэсэг хугацаанд хойшилж байгаа тухай өчигдөр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар мэдээллээ.

Хэдийгээр их эеийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор МҮБХ-ны хуучин ажлын алба хурал хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар болжээ. Үүний дагуу ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд шаргачин гахай жилийн эхний барилдаан 3 дугаар сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байна.

Нийтэлсэн: ulaanbaatarpost.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UlaanbaatarPost.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү