Оросын уран гулгалтын тамирчин Александр Галлямов “Mатч ТВ”-д ярилцлага өгөх үеэрээ Улаанбаатарт болох мөсөн шоуд оролцохоо мэдэгдэж, өөрийн хамтрагч Анастасия Мишинатай хамт монголчуудыг гайхшруулахыг хүсч байгаагаа хэлэв. Александр Галлямов “Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Настятай хэзээ очиж, Монголын ард түмэн, соёлтой танилцах боломжтой болохыг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байна” гэжээ.

ОХУ-ын уран гулгагчдын шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монголд болно. Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина болон Александр Галлямов, Виктория Синицина болон Никита Кацалапов, Евгения Тарасова болон Владимир Морозов, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар оролцоно. Эдгээр тамирчдын талаар товчхон танилцуулъя.

КАМИЛА ВАЛИЕВА

Энэ хүний талаар монголчууд төдийгүй дэлхий нийт эчнээ мэднэ. Өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг. Харамсалтай нь, Бээжингийн олимпийн үеэр допингийн асуудалд хутгалдаж, ганцаарчилсан төрөлд олимпийн аварга болох боломжоо алдсан нэгэн. Бусдаараа бол дэлхийн аварга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрийн золиос болж, ДАШТ-д оролцож чадаагүй.

МАРК КОНДРАТЮК

Европын аварга 19 настай залуу авьяастан тэрбээр Монголд ирнэ. Мөн багийн төрөлд олимпийн аварга болсон. Сонирхуулахад, Марк олимпийн мөнгөн медальт Александра Трусоватай үерхдэг гэнэ.

АНАСТАСИЯ МИШИНА БОЛОН АЛЕКСАНДР ГАЛЛЯМОВ

Бээжингийн олимпийн алт, хүрэл медальт хос “Мөсөн өргөө”-г эзэгнэнэ. Тэдний хувьд дэлхий, Европын аваргаар тодорч, ид мандаж явсан ч Орос-Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ.

ВИКТОРИЯ СИНИЦИНА БОЛОН НИКИТА КАЦАЛАПОВ

Дурлалт, шинэхэн хос Улаанбаатарт мөсөн дээрх бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ. Гэр бүл болоод удаагүй байгаа тэд Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн.

ЕВГЕНИЯ ТАРАСОВА БОЛОН ВЛАДИМИР МОРОЗОВ

Энэ хоёрын хүртсэн медаль, оролцсон тэмцээн, туулсан түүхийг яриад, бичээд байвал дуусахгүй. Хоёр олимп, гурван ДАШТ, долоон Европын аваргаас медальтай гэхээр ямар чансаатай тамирчид вэ гэдэг нь харагдана.

ЕЛИЗАВЕТА ТУКТАМЫШЕВА

Жинхэнэ домог гэвэл түүнийг л нэрлэх биз. Оросын уран гулгалтын ундарга ямар сайн болохыг хүн бүр мэднэ. Бараг жил бүр л нэг тамирчин тодордог, од болдог. Хурдан тодорсон шигээ хурдан алга болдог. Харин Елизавета арав гаруй жил тодорч, залуу үетэйгээ хамт гялалзсаар өдийг хүрэв. Үргэлж туслах дүр байсан 26 настай тэрбээр энэ хүртэлх замыг туулахдаа ганцхан олимпоос медальгүй. Харин бусад бүхий л тэмцээнээс медаль хүртжээ.

ДМИТРИЙ АЛИЕВ

Өсвөр, залуучууддаа од болсон Дмитрий 2020 онд улсынхаа аваргаар тодорч, залгуулаад Европын аварга болсон залуу. Түүнийг цэрэгт явна гэж нэг хэсэг шуугисан ч Улаанбаатарт ирэхээр болов.

ПЕТР ГУМЕННИК

Санкт Петербургээс гаралтай, 21 настай залуу сүүлд “Ростелеком”-ын цомоос хүрэл медаль хүртсэнээс гадна залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын Гранд При финалаас мөнгө медаль тус тус хүртжээ.

ЕВГЕНИЙ СЕМЕНЕНКО

Оросын олимпийн найдвар гэгдэж байсан Евгений Семененко олон улсын тэмцээнд оролцолгүй хоёр жил боллоо. Энэ удаад хилийн дээс алхан, Улаанбаатарт үзүүлбэрээ үзүүлэх гэж байна.

СОФЬЯ АКАТЬЕВА, АДЕЛИЯ ПЕТРОСЯН

15 настай эдгээр охидыг Оросын уран гулгалтын дараагийн одод гэхэд хилсдэхгүй. Софья Дмитриевна энэ жил Оросын аваргаар тодорсон бол Аделия Петросян энэ жил тавдугаар байрт, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн юм. Оросын аваргад ийм дээгүүр байр эзэлсэн тамирчид олимп, дэлхийд цойлох нь гарцаагүй билээ.