Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 70 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн зарилгаар Төрийн дээд одон “Алтангадас одон”-гоор шагнаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гардуулан өглөө.

Энэ үеэр Шадар Сайд С.Амарсайхан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, ирсэн зочид төлөөлөгчдөд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой, Уул уурхайн аврах анги үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын халуун мэндийг хүргээд “ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр анги нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулахад бодит дэмжлэгийг үзүүлж уурхай, уулын үйлдвэрүүдэд гардаг нурал, гал түймэр, химийн хортой, агааргүй давчуу хүнд бэрх орчин нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Цаашид энэхүү ололт, амжилтаа улам бататган ард түмнийхээ итгэлийг дааж, тусламж эрсэн бүхний авралын гар нь болж, тусгай албаныхаа нэр төрийг өндөрт өргөн, улам өөдөө тэмүүлэн, олон улсын түвшинд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагааг Монгол Улсын төр засгаас үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж байгаа нь тус байгууллагын 70 жилийн түүхэн хугацаанд гүйцэтгэсэн үүрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, үе үеийн аврагчдын эрүүл мэнд, амь насаа үл хайхран хүнд бэрх, эрсдэлтэй нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн гавьяаг Монгол Улсын төр засгаас үнэлж байгаа үнэлгээ мөн” гэсэн юм.

70 жилийн ой нь тохиож буй ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд 1675 хүний амь насыг уулын үйлдвэрлэлийн ослоос авран хамгаалж, 19 580 цэгт хий, тоосны урьдчилан сэргийлэх шинжилгээний сорьц хийж, уулын нурал, усны цөмрөл, гал түймэр, хорт хийн ялгарал зэрэг ослуудад 500 гаруй мянган баг/цаг агааргүй, хорт хий бүхий хүнд халуун нөхцөлд ажиллаж, ил уурхайн галын цэгт 1550 мян.м3 ус шүршиж, 200 мян.м3 нурлыг сэргээж, 52 мян.м3 бетонон хаалт хийн улс, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Үүнээс тодруулбал, 2011-2022 онд уурхайн гүнд нийт 170 ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 111 хүний амь насыг авран хамгаалж, 54 иргэний цогцсыг ослын голомтоос татан гаргаж холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.

Тус анги нь анх 1951 онд улсын хэмжээнд уурхай, уулын үйлдвэрүүдэд гарч болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, уурхайн ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, авран хамгаалах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар “Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам”-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байсныг нь 2014 онд Онцгой байдлын байгууллагын бүтцэд шилжүүлсэнээр үйл ажиллагаа нь өргөжиж, бүх төрлийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.