Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.

Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын онцгой комиссын даргын тушаалаар 158 айлд 400 сая төгрөгийн тусламж, тэр дундаа орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ үерт автсан гудамж, талбайг ариутгаж халдваргүйжүүлэх зориулалтын автомашиныг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халваргүйтэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой коммистой хамтарч дэмжлэг үзүүлж ажиллахыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болголоо.

Дашрамд дурдахад, Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.