“Багш нарыг мэргэжлийн ур чадварынх нь өндөр, намаар жагсааж үзмээр санагддаг. Өвгөн болсон ч гэлээ өнөөгийн багш нарын хаахна яваагаа мэдмээр байна шүү дээ” хэмээн 40 гаруй жил багшилсан нэгэн эрхэм ярив. Эрэмбэ дарааллаа мэдчихвэл би ер нь энэ нийгэмд ямархуу үүрэгтэй хүн юм бэ гэдгээ ойлгоно. Хүн болгон байх ёстой байр байран дээрээ, хийх ёстой зүйлээ яс хийснээр улс орны хөгжилд оруулах хувь нэмэр нь ч тодорхой болно гэсэн санааг тэр араас нь нэмж хэлсэн. Түүнээс биш цалингаа голоод, ажил хаяж буй багш нарын авдаг хэдэн төгрөгнөөс нь “хумслах” гэсэн хэрэг огтоос биш. Мөн ингэж эрэмбэлэн жагсаах нь олон түмнийг мэдлэг чадвараар нь алагчлан, ялгаварлах гэсэн харгислал ч биш гэдгийг сануулсан билээ.
Хэдийгээр тэр хүн үүнийг зөвхөн багш нарт хамаатуулж хэлсэн ч энэ бол манай нийгмийн бүхий л давхаргад үүсээд байгаа гажуудал мөн. “Түрийний бөөс толгойд гарлаа” гэж монголчууд хэлцдэг нь учиртай. Түрийний бөөс түрийндээ байхдаа ая тухтай, адаглаад өөрт тохирох “хоол”-оо тэндээсээ олж иддэг гэж бүдүүлгээр тайлбарласан ч болно. Аливаа юманд эрэмбэ, эх зах гэж байх учиртайг манай ард түмэн “цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байг” гэх зэргээр эртнээс ярьж хэлцэн, амьдралд хэрэгжүүлж иржээ. Гэтэл хэт эрх чөлөөт нийгэмд шилжсэнээс хойших 27 жилийн хугацаанд хэн мэдлэгтэй, чадвартай, авьяастай, сэтгэлтэй нь бус, аль л танил талтай, мөнгөтэй, зусарч бялдууч, эрх мэдлийн төлөө сүнсээ худалдахад бэлэн нөхдүүд нь “ногоон гэрэл”-ээр суга дээшилдэг жишиг манайд тогтсон. Хамгийн гол нь тийм хүмүүс мэдлэггүй, чадваргүй гэдгээ мэдэхгүй, мэдсэн ч өнгөлөн далдлаад өөрсөд шигээ сул дорой, дутуугийн комплекстой нэгэндээ таалагдах эрдэмд гарамгай байдагт асуудлын зангилаа оршдог гэлтэй.
Чадахгүй байж чаддаг нэгнийхээ өмнүүр хээв нэг хөндөлсөн, ажил үйлс, хүсэл зорилгыг нь баллаад байхад үг дуугүй өнгөрүүлдэг энэ нийгэмд олон мундаг хүний урам хугарч, зориг мохон, “Яршиг даа” хэмээн хойш суудаг болов. Ажлаа мэддэг, чаддаг, өөриймсөг сэтгэлээр ханддаг хүмүүсийн үнэлэмж буурах тусам нөгөө талд нь “Чадаж байгаа юманд арга алга” гэж эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн “үл мэдэх”-үүдийн эгнээ тэлсээр. Нийгэм ийн эх захаа алдахын хэрээр үнэн худал, сайн муу нь үл ялгагдах баримжаагүй болж, төөрөгдөл улам нэмэгддэг байна. Төөрөгдлөөс бага дээр нь гарахын тулд мэргэжил болгон дээр “аттестчилал” гэдэг шалгалтыг жинхэнэ утгаар нь авдаг болох хэрэгтэй байгааг өвгөн багшийн яриа ойлгуулав.