Нийслэлийн Засаг даргын гаргасан Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

Угаарын хийн дуудлага жилийн энэ үед ихэсдэг гэдэг.  Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?  

Хавар, намрын улиралд гадаад дотоод агаарын температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудсанаас шалтгаалан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ нь ихэвчлэн зөв галлагаа, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдаж завсар гарсан эсэх  ихээхэн чухал. Тиймээс дотор  орчны агаарын солилцоог сайн хийж, угаар мэдрэгчийн ажиллагааг шалга зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа юм.  

Ойрын үед  угаарын хийтэй холбоотой дуудлага хэр их ирж байна. Тэр бүрд танай байгууллага болон холбогдох байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?  

Угаарын дуудлагын 70-80 хувь нь галлагаатай шууд холбоотой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэн Тавантолгой түлш ХХК-ийн 1000 гаруй албан хаагч, мөн дүүргүүдийн хэсгийн ахлагчид гээд нийт 4500 орчим хүн гэр хорооллын айл өрхүүдээр угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласны хүрээнд өнгөрсөн оны мөн үеийнхээс энэ жил угаарын хийн дуудлага 70 хувиар буурсан. 

Температурын зөрүү буурна гэдгийг тайлбарлахгүй юу?  

Энэ бол гэр болон гадаах орчны агаарын температур яг ижил хэмжээнд ирэхийг хэлж байгаа.  Хамгийн гол нь энэ үед яндангийн таталт буурдаг. Тиймээс яндангаа хөөлөх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах,  зөв галлах ёстой юм.  Хамгийн чухал нь стандартын шаардлага хангасан  зуухыг хэрэглэх нь чухал байна. 

Угаарын хийн хордлогод иргэд өртөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?  

Жил бүр угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах  Засаг даргын захирамж гардаг. Энэ жил ч мөн адил дээрх зорилгоор нэлээдгүй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийслэлийн онцгой байдлын газрын техник хэрэгслийг ашилан  сэрэмжлүүлэх дуут дохио өгөх,  хог тээврийн автомашинуудад сэрэмжлүүлэх,  урьдчилан сэргийлэх хүрээнд дуут дохио олгож байна. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогод өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.