Арван хоёр хоногийн хатуу хөл хорио. Ойрд олон нийтийн сүлжээнд тренд болж буй халуун сэдэв энэ л байна. Хуулиар олгогдсон амралтын өдрүүд дээр хориогоор тогтоосон хоногуудаа нэмээд, бүтэн 12 хоногийн турш Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнийг анх удаагаа 98 хувь хүртэл хязгаарласан болохоор арга ч үгүй биз. Цагаан сараар гэр гэртээ шинэлж зурагт, утас, хөргөгч 3-ын хооронд холхиж буй “уйдсан” хүмүүст сэвэх сэдэв мэдээж хэрэгтэй. Гэхдээ нийтээрээ биш л дээ.

          Цар тахлын голомтыг хумьж халдварыг бүрэн хяналтад авах, эрсдэлгүй бүсүүдээ эрэмбэлэн тогтоож аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх, эдийн засгаа сэргээх, вакцинжуулалтын бэлтгэлээ хангах гээд Засгийн газар, Улсын онцгой комиссын бодлого, шийдвэрийн зорилго тодорхой учраас эгэл жирийн иргэд харин ч ойлгон дэмжиж, дуулгавартайгаар даган биелүүлж буй. Эхнээсээ халдварын шинэ голомтуудыг илрүүлж, хяналтад аваад байна. Гэтэл гэр гэртээ мөрөөрөө л байгаа иргэдийн нэрийг барьж, өмнөөс нь “сэлэм эргүүлэн” нийгмийн сэтгэл зүйг зориуд өдөөн турхирч бухимдуулах, төөрөгдүүлэх гэсэн хэсэг бүлэг бас байгаа нь илэрхий.

          Албажуу хэлэхэд, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд Монголын нийгэм дэх хэд хэдэн эмгэнэлт дүр зураг эрхгүй ажиглагдав. Нэгд, манай төрийн албаныхны байж байгаа царай. Ялангуяа дунд, доод шатны албатууд төрийн бодлого, шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхдээ яаж бантан хутгаж, шат шатандаа хэрхэн замхруулдгийг, тэгчихээд буруугаа маш хурдан бусад руугаа шилгээн зайлуулахад хэр зэрэг гаршсаныг дахин нотлоод өглөө. Зүүлэг, хөшүүн, хөлдүү байгаа гэж. Ийм байхад ямар ч мундаг дарга, сайд очоод төрийн албанд хувьсгал хийх нь байтугай, шинэчлэл хийнэ гэж яриад ч нэмэргүй л дээ.

          Хоёрт, нийгэмд бодит мэдээлэл түгээж, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн салбарынхны хэтийдсэн туйлшрал. Дэлхий нарыг тойрч эргэдэг шиг бүх зүйлийн төв цэгт өөрсдийгөө байх ёстой гэж үздэг, эрхэндээ эрдсэн            орчин цагийн сэтгүүлчид дан ганц салбараа хөөдөөд зогсохгүй, нийгмийн сэтгэл зүй, нийтийн ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэсээр удав.

          “Хөл хорионы үеэр үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувийг ажиллуулна, бичиг баримтаа бүрдүүлээд хувийн машинаараа зорчиж болно” гэнгүүт “Би сэтгүүлч учраас хаана ч машинтайгаа явах эрхтэй” гээд цагдаатай үзэлцчихнэ. Болохгүй бол микрофоноо аманд нь тулгаж байгаад шууд бичлэг хийж “давуу эрхээ” эдлэн даналзана.

          Цагаан сарын амралтаар бүү хэл, цаг тулсан эгзэгтэй мөчид ч үйл явдлын учир шалтгааныг үнэн бодитоор олон нийтэд хүргэхийн тулд хэлээ, хөлөө “гарздаж” үзээгүй, нэгнээсээ хуулаад сууж байдаг сайтууд хүртэл энэ хөл хорионы үеэр бүгд хувийн машинтайгаа зорчих гээд бүтэхгүй болохоор тал талаас нь улайран дайрч байсныг ард олон эрх биш гадарлаа биз. Өмнөх хоёр удаагийн хөл хориогоор УОК, НОК-ийг дарамталж байгаад хамгийн олон тоогоор машины зөвшөөрөл авч, хувь, хувьсгалын ажлаа саадгүй амжуулсан хүмүүс бол сэтгүүлч нэртэй хэвлэлийн нэр барьсан сэвээчид байсан нь нууц биш. 

          “Би л ажил дээрээ очиж мэдээ хийхгүй бол улс орон хэцүүдэх гээд байна, намайг заавал машинтай явуулаатах”, “Би л өнөөдөр лайв шууд дамжуулалтаа хийхгүй бол ард түмэн хохирох гээд байна, над дээр ирээд тэр шинжилгээгээ авахгүй яасан юм” хэмээн зарим нь одоо ч хохирогч, эсвэл аврагчийн дүрд тоглочихсон явна. Сэтгүүлч гэхээрээ хаана ч, юу ч хийж, хэлж болдог Онц бөгөөд Бүрэн эрхт дархлагдсан хүмүүс биш гэдгийг өдий хүртэл ойлгоогүй, ойлгуулаагүйн хар гай энэ.

          Бүх зүйлийг муулж, олны дунд “хэрүүлийн алим” шидэж л байвал ажлаа хачин сайн хийж байна гэж эндүүрсэн шинэ цагийн сэтгүүл зүйн нялх “одод”, тэднийг тойрон хүрээлсэн бүхэл бүтэн арми сошиалд бий болжээ. Засаг төр, томоохон аж ахуйн нэгжүүд улс нийгэмд тустай зөв юм хийх гэсэн ч өөнтөглөнө, буруу хазгай юм хийсэн ч ялгаагүй тасчин хаяна, хийхгүй байсан ч бүчиж аваад муулна.         

          Хэнийг ч, юуг ч байсан хазайсан дээр нь түлхэж, халтирсан дээр нь нудрахаар отож байдаг “махчингууд” гэлтэй. Эцсийн эцэст тэдэнд Долоон буудлын эцсийн Должингийн ажиллуулдаг дэлгүүр онгойно уу, байна уу, өрх гэр нь орлоготой байна уу, үгүй юү хамаагүй. Тэдэнд бас цар тахлын халдвар буурна уу, өснө үү, цаана нь өдөр хоног бүрт горьдлого тээн хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд үүдээ нээнэ үү, болино уу, огт хүртээлгүй.

          Ийм хүмүүс ард олны эрх ашгийг бүрэн төлөөлөхгүй учраас сошиалд хөтлөгдөж дөнгөлүүлэхгүй, гаргасан шийдвэртээ тууштай, зоригтой, хурдтай ажиллаж байгаад алдарт 12 хоногийнхоо ард гарч, үр дүнгээ үзээтэхвэл сайн сан. Тэгж гэмээнэ энэ хөл хорионы үр шимийг жинхнээсээ хүртэх ялагч нь төр засагтаа итгэж найдан, тэвчээртэй хүлээсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүд байх болно.