Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дараахь шийдвэрийг гаргалаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэв. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзүүлдэг байсан дээрх үйлчилгээг Гаалийн ерөнхий газарт хандан авахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөж байна.