Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх “Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ийг олон улсын жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэглээнд нэвтрүүлсэн. Гадны улс орнууд “Ковид-19”-ийн тархвар зүйг судлахдаа  мэдээллийн технологийн дэвшилийг ашиглаж Герман улс http://covidsim.eu/, Швецайрь  улс https://covid19-scenarios.org/ системээр дамжуулан дүн шинжилгээ хийдэг байна.

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдан “Орон зайн дүн шинжилгээний систем”-д нийслэлийн төвийн зургаан дүүргийн коронавируст халдварын идэвхтэй 134 бүсийг тодорхойлж, шинжилгээ цуглуулах суурин болон явуулын 146 цэгийг бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Уг систем нь УОК, НОК, төрийн бусад байгууллагыг бодит цаг хугацааны мэдээллээр хангах, хүнсний хангамж, нөөцлөлт, сайжруулсан түлш нийлүүлэлт, “Ковид-19”-ийн шинжилгээний явцын хяналт, тархалт, төлөвлөлт хийх, цуглаж буй бүртгэл мэдээлэл дээр орон зайн дүн шинжилгээ хийж, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой бол иргэд, олон нийт, шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлын мэдээллийн дэлгэрэнгүй хаягыг  авах боломжтой.

Ингэхдээ “Нэг хаалга – Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний явцыг https://covid19.gerege.mn хаягаар харж болох бөгөөд шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлуудын мэдээллийг https://arcg.is/18ujbi0 хаягруу орж газрын зураг дээрх “+” тэмдэглэгээ дээр 2 дахин дарж газрын зураг дээрээс харна.

Цаашид тус системд нийслэлийн бүх шатны байгууллагууд орон зайн байршил дээр суурилан мэдээллийн сангаа баяжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийн, судалгаанд суурилж  хотын өдөр тутмын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, төрөл бүрийн төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээнд оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангаж ажиллах юм.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар